Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан орон нутагт уулзалт, хэлэлцүүлэг зохиож, мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэн, иргэдээс санал авах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдсон Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан төсөл хэлэлцүүлэгч долоо дахь баг өнөөдөр /2017.08.18/ Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаж байна.
Шарын гол сумын Соёлын төвд үдээс өмнө болсон хэлэлцүүлэгт тус сумын ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, сумын гурван багийн Засаг дарга нар зэрэг төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл 25 албан хаагч оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат хэлсэн үгэндээ тус Ажлын хэсэг үүний өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дархан-Уул аймгийн Дархан суманд ажилласан, ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сайхан сумд болон Орхон аймгийн иргэдийн саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгуулахаар ажиллана гэдгийг дурдаад Үндсэн хуульд орууулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой зургаан сэдэв болон бусад сэдвийн хүрээнд саналаа нээлттэйгээр өгөхийг иргэдээсээ хүслээ.
Дараа нь Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга хэрхэн гарсан, эдгээр өөрчлөлт ямар шат, дамжлагатайгаар хянан боловсруулагдаж ирсэн, өмнөх дөрвөн Үндсэн хуулийн түүхэн хөгжлөөс, тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд нэг, 1940 оныход 16 удаа, 1960 оныход мөн 16 удаа, харин 1992 оны Үндсэн хуульд нэг удаа, нийт 34 удаа өөрчлөлт оруулж байсныг танилцууллаа.
Нүүрсний аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх үйлдвэрийн нэг Шарын голын нүүрсний ил уурхайг түшиглэн байгуулагдсан Шарын гол сумын нийт иргэд үдээс хойш Соёлын төвдөө цуглаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь удаагаа хэлэлцсэн бөгөөд энэ үеэр 300 орчим хүн цуглаж, төслийн талаар санал бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ саналын хуудас бөглөсөн юм.
Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын тусламжаар 1965 онд барьж байгуулсан Монголдоо хамгийн анхны, том, ил уурхайг түшиглэсэн тус сум нь Дарханаас салаалсан төмөр замтай, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамтай, авто замтай, дэд бүтэц сайтар хөгжсөн хотожсон газар аж. Хүн амынхаа тоогоор Дархан-Уул аймгийн гурван сумыг тэргүүлж, газар нутгийнхаа хэмжээгээр гуравт ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн өндөр буюу Хайрхан, Дархан, Санжинт гэсэн гурван багийн нийт 2300 өрхөд албан ёсны тоогоор уурхайтайгаа хүйн холбоотой 8354 хүн, албан бусаар бол 10 мянга орчим хүн амьдардаг байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор Шарын гол нутгийнхны хувьд шийдвэрлүүлэхийг хүсэж буй хоёр гол асуудал байгаагийн нэг нь орон нутгийн чанартай хотын статустай болох, хоёр дахь нь нутаг дэвсгэр, хилийн дээсээ тэлэх асуудал аж. Шарын гол сум нь эртний тахилгат Дархан уулын өвөр, Шарын голын хөндийн ерөнхийдөө хотгор газар Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Дархан-Уул аймгийн Хонгор сумтай хиллэн оршдог, аймгийн нийт газар нутгийн 77 хувийг эзэлдэг Хонгор сумтай байнга нутаг дэвсгэрийн маргаантай байдаг байна. Хонгорын хүн ам 6100-гаар тоологддог бол Шарын голынхон 8300 гаруй хүнтэй атлаа ойн сан, малын бэлчээр бүхий газаргүй, мод бэлтгэлээ л гэхэд Хонгор сумаас зөвшөөрөл авдаг, малчид нь Хонгорын нутагт өвөлжиж, зусдаг тул Шарын голынхон сумынхаа нутаг дэвсгэрийг хойд, зүүн тийш нь тэлэх хүсэлтэй байдаг аж.
Дархан сум улсын чанартай хот болбол Шарын гол сум хороо болж статус нь доошилно, сумаараа үлдвэл Сэлэнгэ аймгийн харьяалалд автоматаар шилжинэ, харин үүнийг нутгийн иргэд зөвшөөрөхгүй. Тиймээс Дархан сум улсын чанартай хот болсон тохиолдолд Шарын гол засаг захиргааны хувьд ямар нэгж болох, магадгүй хороо болбол төрийн болоод нийгмийн бусад үйлчилгээ, төсөв мөнгөний асуудал хэрхэх вэ гэдэг асуудал тэднийг эмзэглүүлж байна. “Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн төслөө нэр томьёоны хувьд өөрчилж “Улсын чанартай хот доторхи орон нутгийн чанартай хот” болгох, хот болсон тохиолдолд эдэлбэр газар, хилийн цэсийг нь тодорхой зааж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа Шарын гол сумын ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн хэлсэн юм.
Дээрх асуудлаар сумын Ахмадын хорооны дарга С.Төмөрбаатар ярихдаа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улсын чанартай, орон нутгийн чанартай хотын статусын тухай заалт оруулсан нь зүйтэй байна. Харин Дархан сум улсын зэрэглэлтэй хот болбол бусад сум маань хороод болох нь ээ. Ер нь Дархан хотыг байгуулахын тулд Шарын голыг байгуулсан. Тэгэхээр Шарын голыг хөгжлийн ямар ирээдүй хүлээж байна вэ?” гэсэн асуулт тавьж байв. Тэрбээр бас хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар “тосгон” гэдэг статусыг хэрхэн ойлгох нь тодорхойгүй байгааг сануулж байлаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотойгоор тэрбээр бас “хүн амдаа үйлчлэх”, оршин суугчиддаа үйлчлэх” гэсэн хоёр томьёолол ямар ялгаатай болохыг лавлаж байсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр иргэд сонгууль болгоны дараа болдог төрийн албаны халаа сэлгээг зогсооход чиглэсэн заалт буюу төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоож буйг дэмжиж байв. Мөн Засаг дарга нарын томилгооны тухайд аймаг, хотын Засаг даргыг дээрээс томилж болно, харин сум, баг, хорооны Засаг даргыг дээрээс томилбол тухайн дарга ард иргэдтэй шууд тулж ажилладаг орон нутгийн байгууллага, түүний Засаг даргад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй, тиймээс ард иргэдээсээ сонгох нь зүйтэй” гэсэн саналтай байв.
Иргэд мөн парламент дахь хяналтын түр хорооны мөрдөн шалгах ажиллагааны талаар лавлаж, “Хууль тогтоох байгууллага өөрөө мөрдөн шалгах нэгжтэй болчихвол шүүх засаглалтайгаа хутгалдах юм уу нэг тал руугаа хэлбийх, магадгүй эсрэг хүчнээ хэлмэгдүүлэх вий хэмээн сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, үүнтэй холбоотойгоор “парламентыг үл хүндэтгэх” гэдэг заалтыг тодруулахыг хүсэж байв.
Шарын гол сумын Хайрхан багийн иргэн Д.Баяннамсрай ярихдаа “Төслийн 46-р зүйлийн 4-5-д байгаа “төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхахгүй байх” гэдэг заалт дээр төрийн өмчит аж ахуйн нэгжийг нэмж оруулахгүй бол эдгээр байгууллагын ажилчид энэ заалтад хамрагдаагүйгээс ихээхэн хэлмэгдэж байгааг анхаарууллаа.
Тэрбээр мөн төслийн 60-р зүйлийн 2-т “хурал” гэдэг үгийн өмнө ИТХ, Иргэдийн нийтийн хурал хоёрын чухам аль нь байхыг тодруулж заах, Улсын Их Хурлыг ард иргэдийн саналаар тарааж болох эсэх, сум, орон нутгийн хил хязгаарыг хүн, малынх нь тоогоор тогтоож болох эсэхийг асууж байв. Түүний өгүүлснээр бол 55 жилийн өмнө Шарын гол суманд нэг ч хүн малтай байгаагүй, дан уурхайчид аж төрж байсан бол одоо тус сум 60 гаруй толгой малтай болсноор мал дагасан иргэд нь олон жил газар нутгаар хавчигдаж, төрийн үйлчилгээгээр дутагдаж яваа гэнэ. Д.Баяннамсрай гуай өөрөө Хонгор сумын иргэн байсан, харин эхнэр, хүүхэд нь эмнэлэг, сургуулиа бараадаад Шарын гол суманд харьяалагддаг гэнэ. Сумын хил хязгаараас болж эхнэр нөхөр хоёр хүртэл салахад хүрдэг зэрэг олон ужиг асуудал байгааг тэрбээр дуулгаад энэ талаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас аваад үүгээр ирсэн хүн бүрт үг дайж, зурвас бичиж буйгаа учирласан юм.
Ийнхүү Шарын голынхон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал дээр Дархан-Уул, Орхон аймгийг улсын зэрэглэлтэй хот болгох, хот нь хороонд хуваагдах заалт ёсоор сумаас хороо болж уруудан, тэртээх 1962 оныхоо статус руу эргээд орчих вий хэмээн эмзэглэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Тодруулга:
Монгол, Зөвлөлтийн хайгуулчид 1958-1960 онд Шарын голын нүүрсний орд газрыг нээж ашиглалтын нөөцийг тогтоосноор 1961 оны 10 дугаар сарын 17-нд уурхайн тосгоны анхны суурийг тавьжээ. Нүүрсний уурхай ашиглалтанд орж 1962 оны 10 дугаар сарын 21-нд Шарын голд засаг захиргааны нэгж байгуулах шийдвэр гаран, уурхайчдын хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааг Орон сууц, гудамжны хоёр хороотойгоор үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Улмаар 1979 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар орон нутгийн хот, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн заалтыг үндэслэн Улсын Их Хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор орон нутгийн хотыг Шарын гол сум болгон өөрчилж төвийг нь Шарын гол хэмээн нэрлэжээ.