УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.05.17/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд тогтоолыг 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх, төслийн хавсралтын агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёог жигдлэх, заалт, дэд заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх, бүтэц найруулга, хууль зүйн техникийн засварыг хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэг дуусч, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
УИХ-аар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан.
Харин дээрх хуулийн төсөлд энэ хугацааг нэг жилээр хойшлуулахаар тусгасан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хугацааг сунгасан үндэслэлийн талаар тодруулж байлаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тайлбарласнаар, Системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани болгохоор хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн бөгөөд системийн банкнууд нээлттэй хувьцаат компани болгох бизнес төлөвлөгөө, бичиг баримтуудаа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэн зөвшөөрлөө аваад явж байгаа аж. Хамгийн сүүлийн санхүүгийн тайлан дөрөвдүгээр сард бэлэн болж дэлхийн нэр хүнд бүхий компаниудаар аудит хийгдээд дууссан гэлээ. Тайлан нь дөрөвдүгээр сард бэлэн болж IPO хийх дараагийн зөвшөөрлийг авахаар хоёр банк хүсэлтээ өгчихсөн, үлдсэн гурван банк нь зөвшөөрөл авах хүсэлт өгөх байх гэж Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн. Ингээд хуулийн дагуу үйл ажиллагаанууд хийгдэхээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны хугацаанд амжихгүй болоод байгаа учир хугацааг нь сунгах шаардлагатай байгаа юм гэсэн хариулт өгсөн.
Түүнчлэн УИХ-ын гишүүд төв банкнаас арилжааны банкнуудад тавих хяналт, валютын ханшийн өсөлт, зээлийн хэмжээ, чанарын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төслийн 2 дугаар зүйлийг хасах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.
Мөн хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах асуудлыг энэ оны нэгдүгээр сард УИХ-аар соёрхон батлуулсан. Үүнтэй холбогдуулан зургаан хуульд нэмэлт, өөрчлөлт орох асуудлыг хамт өргөн барьсан бөгөөд үүний нэг нь Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай юм. Дэлхийн дулааралд ихээхэн нөлөөтэй озон задалдаг бодис бус түүнийг орлох бодисыг барилгын хөргүүрийн системд ашиглах асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан аж.
Хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг озон задалдаг болон түүнийг орлох бодисыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид мэргэжлийн байгууллагаас эрх олгохтой холбоотой асуудлыг тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Мөн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан бөгөөд саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.