Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.18) хуралдаан 11 цаг 17 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Дараа нь Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 17,312.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 19,219.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 36.3 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -3.6 хувьтай байхаар тооцсон ба эдгээр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудтай бүрэн нийцсэн гэдгийг тодотгов.
Хуулийн төсөлтэй хамт Өрийн удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг, өмнөх стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлангийн хамт боловсруулан өргөн барьсан байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд дэвшүүлсэн зорилтот арга хэмжээнүүд болон тоон шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласнаар төсвийн сахилга бат сайжирч, Засгийн газрын өрийн хэмжээг мэдэгдэхүйц бууруулсан үр дүнтэй байна. Тухайлбал, 2018 оны эцсээр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 58.9 хувьтай тэнцэж байсан бол 2021 онд тус харьцаа 50.7 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг боломжит эрсдэлийн түвшинд, хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжихэд чиглэнэ гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газар аудит хийж, дүгнэлт гаргасныг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг төсөл нэг бүрээр хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, санал хэлж, байр сууиа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Засгийн газрын гадаад өртэй холбоотой асуудал чухал зүйл гэдгийг тодотгоод 2023 онд өрийн менежментийг хэрхэн хийхээр тооцсон болон цаашид өрийг өрөөр дарах бус төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагаа бууруулан өрийнхөө тодорхой хэсгийг дарахад ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулав.
Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, Засгийн газрын хувьд нийт өрөө бүтэн төлөх боломж байхгүй учир дахин санхүүжүүлж хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг багасгах, мөнгөний эх үүсвэрээ харж байгаад жилдээ 200 орчим сая ам. долларыг төсвөөс барагдуулж байна. Энэ стратеги ирэх жил ч үргэлжилнэ. Засгийн газрын хувьд 2023 он гадаад өрийг төлөх хамгийн ачаалалтай жил байна гэв. Мөн тэрбээр, Засгийн газрын хувьд 2023 онд Гэрэгэ бондын 540 сая ам.доллар, Хөгжлийн банкны 730 тэрбум төгрөгийн Засгийн газрын баталгаатай Самурай бонд, Хөгжлийн банкны евро бондын 500 сая ам.долларын өр төлөх асуудлууд байгааг тодотгоод ирэх жил 140 сая ам.долларыг төсвөөс төлж, нэг их наяд төгрөгийн хүүгийн төлбөр байгааг онцоллоо. Түүнчлэн Самурай бондыг Хөгжлийн банк төлж чадахгүйд хүрвэл Засгийн газрын эрсдэл болох учраас энэ жилээс бид тус банкны чанаргүй зээлийн асуудалд анхаарч ажиллаж байна. Эхнээсээ үр дүн гарч байна. Тухайлбал, Самурай бондын чанаргүй зээлийг барагдуулахад анхааран ажилласны үр дүнд 260 тэрбум төгрөг буюу гуравны нэгийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр төлөх боломж бүрдэж байна. Уг бондын эргэн төлөгдөх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 25-н хэмээв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.6 хувьтай байхаар төсөөлж байгаа бол манай улс эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэнэ хэмээсний үндэслэл, тооцооллын талаар лавлаж байлаа.
Эдийн засгийн хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан хариултдаа, 2023 онд эдийн засгийн өсөлтийг 5 хувь байхаар тооцсон. 2023 онд эдийн засгийн гол өсөлт үзүүлэх салбар нь хөдөө аж ахуй 4.5 хувь, уул уурхай 7.1, барилга 10 хувь, худалдааны салбарыг 5.7, татварыг 5.3 хувиар өснө гэж тооцоолсон гэв. Үндэсний статистикийн хорооноос дотоодын нийт бүтээгдэхүүний гүйцэтгэлийг эхний улирлын тайлан мэдээллийг гаргасан. Энэ гүйцэтгэл нь бидний төсөөллөөс харьцангүй эерэг үзүүлэлтэй гарсан бөгөөд эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт -3,8 хувьтай байна. Үүнд сөрөг нөлөө үзүүлсэн салбар нь уул уурхай байсан бол үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар нь эерэг нөлөө үзүүлсэн. Үүнд дотоодын хөл хориог сулруулж, эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн нь өсөлттэй гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэхүү хандлага 2022-2023 онд энэ хэлбэрээр үргэлжилнэ гэж тооцсон гэх тайлбарыг өглөө.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаан оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Хууль, тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Үргэлжлүүлэн Засгийн газар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулав.
Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа хэдий ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол үүсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсарснаар газрын доройтол, цөлжилт эрчимжин, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдаад Монгол Улсын Их Хурлын 2020 оны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан. Малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамж, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулах асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоох эрхийг олгосон гэж байлаа.
Мөн тэрбээр, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан ч татварын хэмжээг үл харгалзан газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэх, тариалангийн технологи нэвтрүүлэх боломжийг алдагдуулж байна. Мөн тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсгэж байгаа тул газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүсээд байгааг онцлоод Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хэмжээ нь” гэсний дараа “тариалангийн бүс нутагт 0-10000 төгрөг хүртэл, бусад бүс нутагт” гэж нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулан гэж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тариалангийн бүс нутагт тогтоох татварын хувь хэмжээний доод хязгаарыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн цаашдаа хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор малын эрүүл мэндийн зарим зардлыг шийдэх асуудлыг тусгах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс хуулийн төслийн зарлага хэсгийг хөндөж, малын эрүүл мэнд, гоц халдварт өвчний санхүүжилтийн асуудлыг шийдэх шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлалттай энэ цаг үед малын хөлийн татварыг авах зайлшгүй шаардлагатай байгааг онцлоод цаашид хуулийг хэрэгжүүлэхэд малын хөлийн татварыг жигд авахад анхаарах нь зүйтэй гэв. Тэрбээр, зарим суманд 500 төгрөгийн татвар төлдөг зарим нь 0 төгрөгийн татвар төлөөд байвал бэлчээрийн талхлалтын асуудлыг шийдэх боломжгүйд хүрнэ. Тиймээс хуулийн төслийн хүрээнд татварын хувь хэмжээний дээд хязгаарыг тавихаас илүүтэй доод хязгаарыг нь тодорхой болгох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг сангалын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Төрийн аудитын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцлаа
Хуралдааны төгсгөлд Төрийн аудитын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Энэ талаар Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, төрийн аудитын байгууллага 2021 оны үндсэн зорилтыг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх жил” гэж тодорхойлон тайлант хугацаанд зайнаас ажиллах аудитын горим, технологийн шийдлийг нэвтрүүлж, аудитыг цаг хугацаанд нь үр нөлөөтэй гүйцэтгэж, үр дүнг тайлагнан аудитын шийдвэрийн мөрөөр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласныг онцлоод УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлсэн дүн, гаргасан зөвлөмж, чиглэлийг тусган Төрийн аудитын байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 5 үндсэн бүлэг, 18 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр 133 багц арга хэмжээг төлөвлөн баталж, гүйцэтгэлийг жигд ханган хэрэгжүүлсэн гэдгийг дурдлаа.
Төрийн аудитын байгууллага 2021 онд 4134 аудитыг хийж дүгнэлт, тайлан гаргаснаас бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3906 дүгнэлт гаргасан бол сэдэвчилсэн 228 гүйцэтгэл, нийцлийн аудитад 7174 шалгагдагч болон холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүлснийг дурдаад тайлант хугацааны аудитын дүнгээр 4.2 их наяд төгрөгийн алдааг аудитын явцад залруулан цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, 5.9 их наяд төгрөгийн зөрчилд төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлж, зарим зөрчлийг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлж ажилласан гэв.
Аудитын дүнгээр нийт 59.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.2 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд хүргүүлж, үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцлийг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 10.0 мянга гаруй зөвлөмж өгсөн. Аудитаар илэрсэн нийт илрүүлэлтийн 84.9 хувь нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, дотоод хяналт, хариуцлагатай холбогдож байгаа бол 11.2 хувь нь арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөө, хууль, тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудал эзэлж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн болон орон нутгийн төсвийн төсөлд санал өгөх чиг үүргийн хүрээнд орлого нэмэгдүүлэх чиглэлээр нийт 166 асуудал бүхий 93.7 тэрбум төгрөгийн, зардал бууруулах чиглэлээр 262 асуудлаар 51.1 тэрбум төгрөгийн санал боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлсэн бол орлого нэмэгдүүлэх чиглэлээрх 26.2 тэрбум төгрөгийн 110, зардал бууруулах чиглэлээрх 22.1 тэрбум төгрөгийн 124 санал холбогдох шатны төсвийн хэлэлцүүлгийн явцад хэрэгжлээ. Тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 53.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, шалгагдагч байгууллагаас 757.3 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь Төрийн аудитын байгууллага төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 31.3 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдсан.
Мөн тэрбээр, Төрийн аудитын байгууллага 2021 онд Ковид-19 цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн арга хэмжээний үр дүнд бодит цагийн аудитыг гүйцэтгэн дүгнэлт, зөвлөмжийг тухай бүр нь хүргүүлж, хэрэгжүүлэн ажиллалаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу төрийн байгууллагуудын Шилэн дансны бүртгэлд байнгын хяналтыг хэрэгжүүлэх бүтцийн нэгжийг байгуулж, тус хуулийн хэрэгжилттэй холбоотой илрүүлэлт, дүн, дүгнэлтийг нэгтгэж тайлагнах цахим системийг нэвтрүүлэв. Төрийн аудитын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, үр нөлөөтэй мэдээлэх “Нээлттэй аудит” мэдээллийн портал сайтын үйл ажиллагааг эхлүүлснээр аудитад иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх цаашлаад сайн засаглалыг бэхжүүлж, иргэдтэй эргэх холбоотой ажиллаж, тэдний санал хүсэлтийг нь хүлээн авах байнгын тогтолцоог бүрдүүлсэн чухал алхам боллоо. Төрийн аудитын хянан удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, аудитын бүхий л шатанд хяналтын үр нөлөөг дээшлүүлж улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн, илүү үнэ цэнтэй, үр өгөөж өгөхүйц аудитыг гүйцэтгэхэд чанарын хяналтын үр нөлөөтэй тогтолцоог хөгжүүлэхийг чухалчлан 2022 оныг “Аудитын чанарын хяналтын үр нөлөөг сайжруулах жил” гэж тодорхойлсныг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцолсон.
Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.