Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдүүлэх “Эрүүл мал-Чанартай сүү үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2022.05.12) Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ц.Анандбазар хэлсэн үгэндээ, бэлчээрийн мал аж ахуй зонхилсон манай орны хувьд төв, суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээнд жилд 400 гаруй мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 200 орчим үйлдвэр, цех байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлох боломжтой гэв.
Хэлэлцүүлэгт “Сүүний салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, “Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны малын генетик, нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, “Мал эмнэлгийн нэгдсэн систем, хүнсний аюулгүй байдал” сэдвээр Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, “Сүүний тогтвортой нийлүүлэлт, өрсөлдөх чадвар” сэдвээр Сүүний нэгдсэн холбооны тэргүүн Г.Ганхуяг тус тус мэдээлэл, танилцуулга хийв.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улс нь хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангах, хүнс, хөнгөн үйлдвэрийн түүхий эдийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх арвин ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор зохиомол хээлтүүлгийн асуудлыг бодлогоор зохицуулах, мөн өвлийн улиралд сүүний фермд сүүгээ нийлүүлж буй малчдад урамшуулах олгох зэрэг асуудлыг дэвшүүлж байв.
Монгол Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд малыг эрүүлжүүлэх, сүүний үйлдвэрлэлийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгуулагад чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлачаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ажлын хэсгийн гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн нар байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв