Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.26) хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлэг дүгнэлт уншсан нь хуулийн төслийг хүчингүй болгох нөхцөл бүрдэх эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нэг удаа ч болов алдагдалгүй төсөв баталж болох эсэх талаар тодруулсан.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариултдаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.12-т Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 33.1.1-д заасны дагуу аливаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэх эрхтэй боловч ийнхүү хэлэлцээгүй нь тухайн асуудлыг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй хэмээн заасныг хариултдаа тодотгов. Мөн тэрбээр, төсвөө балансжуулах санал гаргаж чадна. Гэхдээ эхлээд Засгийн газраас алдагдлаа бууруулах, өрөө бууруулах асуудлыг 2023 оны төсвийн төсөлдөө хэрхэн тусгаж оруулж ирэхийг хараад тэр үед нь төсвөө алдалгүй батлах асуудлаа ярья хэмээн хариулсан.
Ингээд хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.