УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.39 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 24, 25, 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа эхлээд Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар товч танилцуулсан.
Уг тогтоолоор Засгийн газарт нийслэлийн цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэг барих асуудлыг 2017-2019 онд үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн 75 цэцэрлэг, хөдөө орон нутаг дахь нэн шаардлагатай цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулгаж шинээр барих, цэцэрлэгийн хүүхдийн хоолны стандартыг мөрдүүлж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.
Сайд Ц.Цогзолмаа 2018 оны төсвийг батлахдаа цэцэрлэг, сургуулиудын хөрөнгө оруулалтыг иж бүрэн шийдсэн хэмээн мэдээллийнхээ эхэнд онцолсон. 2018 оны 09 дүгээр сарын нэгэн гэхэд сугалаа сугалж, танил талаараа яриулж цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлдэг асуудал нэг мөр шийдэгдэнэ гэж тэрбээр хэлсэн.
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой баригдсан барилгыг иргэн, хуулийн этгээдээс худалдан авах, түрээслэх талаар судалгаа хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг БСШУС-ын сайдын тушаалаар байгуулсан бөгөөд ажлын хэсэг дээрх зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой баригдсан 10 барилгын байдалтай танилцаж, худалдан авах боломжтой гурван барилгыг тодруулжээ.
Эдгээр нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Ногоон хотхон” цэцэрлэгийн барилга, Налайх дүүргийн 1-р хорооны нутагт байрлах иргэн Ж.Дамбасүрэнгийн цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилга, Сонгоинохайрхан дүүргийн 6-р хорооны нутагт байрлах “Содон” хорооллын “Содон” цэцэрлэгийн барилга аж. Ажлын хэсгийн шийдвэр болон цэцэрлэгүүдээс ирүүлсэн санал, судалгаанд үндэслэн улсын хэмээнд дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль, нэг сургууль-цэцэрлэгийн цогцолборын барилгыг худалдан авах 9.1 тэрбум, 241 цэцэрлэг, 7864 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах үйл ажиллагаанд 8.9 тэрбум төгрөг улсын төсвөөс шаардагдах зардлыг 2017 оны төсвийн тодотголд тусгуулах саналаа Сангийн яаманд хүргүүлсэн гэлээ.
Монгол Улсын 2018 оны төсөвт нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 25 дугаар хороонд тус бүр нэг цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд нэг цэцэрлэгийн барилгыг худалдан авахаар 4.9 тэрбум төгрөгийг тусгуулжээ.
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 204, төрийн бус өмчийн 360, нийт 564 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Сайдан мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан сүүлийн үед барилгын компаниуд орон сууцны хороолол барихдаа сургууль, цэцэрлэгийн барилгыг хамтад нь барих болсон. Цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжтой олон барилга бий. Тэдгээр барилгаас төр худалдан авч ашиглах боломж бий юу хэмээн лавласан.
Энэ асуудлыг яамны зүгээс судалж байгаа бөгөөд цэцэрлэггүй хорооны нутаг дэвсгэрт баригдсан, зориулалтын дагуу баригдаж, стандартын шаардлага хангасан барилгыг худалдан авах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой гэсэн хариултыг сайд өгсөн.
УИХ-ын гишүүн М.Билэгт хөдөө орон нутагт цэцэрлэг байгуулах, тэнд багшлах боловсон хүчний асуудалд яамны зүгээс хэр анхаарал хандуулж байгааг лавласан бол УИХ-ын гишүүн А.Ундраа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч буйг тодруулсан.
Сайд Ц.Цогзолмаа, сургуулийн өмнөх боловсрол олгоход хөдөө орон нутаг, хот суурин газар гэж ялгахгүй гээд бүх хүүхэд ижил орчинд сурч хөгжих ёстой хэмээн хэлсэн. Тэрбээр, яамны зүгээс багш бэлтгэж буй бодлого, сургалтын хөтөлбөрийг өөрчлөх бодлогын зөвлөл байгуулан ажиллана гэж мэдэгдлээ.
Мөн яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газарт Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийг байгуулж, Боловсролын их сургуульд Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимыг байгуулсан тухай мэдээлсэн юм. Тусгай хэрэгцээт боловсрол олгох багш бэлтгэх ажил сүүлийн 25 жил зогссон байсан бөгөөд 2018 оны хичээлийн жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах багш нарыг дахин бэлтгэж эхлэхээр болсон аж. Мөн 2018 оны төсөвт тусгай сургуулиудад хүүхдийн автобус авах, нэмэлт камержуулалтын систем суулгах зэрэг арга хэмжээнд 2.3 тэрбум төгрөгийг тусгажээ. Түүнчлэн хүүхдүүд өгч буй хоол хүнсний бүтээгдэхүүнийг дамжуулагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлэх, хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах зэрэг олон асуудлыг шийдэж буй талаараа сайд мэдээлсэн.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сургууль, цэцэрлэгийн асуудал яригдахаар хот руу анхаарал их хандуулаад хөдөө, орон нутаг орхигдоод байдгийг сануулсан. Тэрбээр, Ганцхан жишээ дурдахад Говьсүмбэр аймгийн гуравдугаар сургуулийн сурагчид 12 дугаар сард сурах бичигтэй болсон. 6-9 дүгээр ангийн сурагчдын 70 орчим хувь нь сурах бичигтэй байна. 12 дугаар ангийн сурагчдын сурах бичиг одоо хүртэл очоогүй. Улсаас өгдөг цөөхөн сурах бичгийг багш нар нь дундаа шахуу хэрэглэж, хүүхдүүд хувилж, олшруулж хэрэглэж байна гэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, 2018 онд боловсролын салбарын хүртээмжийг бүхэлд нь шийдэх болно гэлээ. Сурах бичгийн хүртээмж муу байгаа болоод бусад асуудал дотоод мониторинг орхигдсонтой холбоотой гэж сайд хэлсэн. Өмнөговь аймагт 300 хүүхдийн дотуур байр барьсан ч тэнд одоо 30 хүүхэд л байрлаж байгаа нь ганцхан жишээ гээд тиймээс энэ мэт буруу төлөвлөлтөөс зайлсхийхийн тулд дотоод мониторингийг хийж байх болно гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ганболд, М.Оюунчимэг нар асуудлыг цаас харж ярих биш, газар дээр нь очиж танилцаад, цаашид хэрхэх ёстойг дүгнэн, шийдээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан.
Үргэлжлүүлээд Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийсэн.
Тэрбээр, хүүхдийн ямар хүн болж төлөвших нь 0-6 насанд тогтдог бөгөөд дэлхийд өрсөлдөх чадвартай, зөв хүн болгохын тулд сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролд илүү анхаарах ёстой. Тиймээс сургалтын хөтөлбөр, агуулгад хамгаас илүү анхаарах ёстой. Манай улсын иргэдийн 1 сая нь 0-16 насны хүүхдүүд. Жил бүр 75 мянган хүүхэд нэгдүгээр ангид орж байна. Тэдний 35 мянга нь нийслэлд байна. Бид XXI зуунтай, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхана гэвэл боловсролын хүртээмж, хөтөлбөр, агуулгад цогц шинэчлэл хийх ёстой хэмээн мэдээллийнхээ үеэр онцолсон юм.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, М.Оюунчимэг, Д.Гантулга нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Д.Ганболд нар байр сууриа илэрхийлсэн.
Мөн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийсэн юм.
Монгол Улсад 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, 160 гаруй мянган оюутан суралцаж, 7000 гаруй багш ажиллаж байгаа аж. Эдгээр сургуулиудын 17 нь төрийн өмчийнх байна. Сайдын мэдээлснээр иргэдийн зүгээс чанаргүй олон сургуулийн талаар, мөн магадлан итгэмжлэлийн талаар гомдол байнга гаргадаг аж.
Магадлан итгэмжлэлийн суурь нь сургалтын хөтөлбөр авч тэрхүү сургуулийг төгссөн оюутан ажлын байртай болж чадах уу, үгүй юу гэдэг дээр ихээхэн асуудал гардаг байна. Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэхдээ доктор, дэд профессорууд багшлах зэрэг шаардлага тавьдаг ч монголын доктор, профессоруудын анкет сургуулиас сургууль дамжаад явж байдгийг сайд нуугаагүй. Төрийн өмчийн сургуулиуд дотор тааруу нь ч бий, хувийн сургуулиуд дотор сайн нь ч бий хэмээн сайд хэлээд хамгийн гол нь их, дээд сургуулийн бодлогоо зөв гаргаад, хөтөлбөр, стандарт, боловсон хүчинд тавигдах шаардлагыг сайжруулах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал, А.Ундраа, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Н.Амарзаяа нар үг хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.