Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Mонгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Mонгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тус тус хуулиудад оруулсан байна.
Мөн дугаарт Төрийн хэмнэлтийн хуулийг нийтэлсэн бөгөөд тус хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад орших юм. Уг хуулиар хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байх, Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байх, Засгийн газрын агентлагийн дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулах, энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалах зэргийг хориглож, төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлон тусгажээ.
Түүнчлэн эмхэтгэлд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн бөгөөд уг хуулиар хуульд тусгайлан заасан бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг нэг дэд даргатай байх өөрчлөлтийг оруулжээ.
Мөн дугаарт нийтлэгдсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлж, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын тос, дотоодын хүнсний үйлдвэрт борлуулсан хүнсний зориулалттай тосны ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлжээ.
Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй aлбан татвар төлөгч нийслэл хотод байрлалтай үйлдвэр, эсхүл агуулахаа Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад нийслэлийн хилийн цэсээс нүүлгэсэн тохиолдолд тухайн нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарсан энэ хуульд заасан шаардлага хангасан зардлыг 50 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцох, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад нийслэл хотын хилийн цэсээс гадна үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь үйл ажиллагааг явуулж байгаа тухайн орон нутагт бүртгэлтэй, тухайн орон нутгийн татварын албанд бүртгэгдсэн албан татвар төлөгч ажил хайгч иргэнийг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног шинээр ажиллуулсан бол тухайн хугацаанд хамаарах цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос нэг удаа хасаж тооцох, мөн албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлөх зэргийг тусгасан байна.
Эмхэтгэлийн тус дугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тус тус хуулиудад оруулснаас гадна Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуульд 1,000,000 /нэг сая/ ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагчид өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор тусгажээ.
Мөн дугаарт Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн ба хуулиар хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж, энэ хуульд заасан мөнгөн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах эрхтэй ажээ.
Тус эмхэтгэлд Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай, Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийг, 2 дугаар хавсралтаар “Төрийн өмчит банкны хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийг тус тус баталсан бөгөөд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гарган биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахад оршино.
“Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж дэргэдээ цэцэрлэг ажиллуулах санаачилгыг дэмжих арга хэмжээний тухай тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.