Цэс

Холбоо барих

ЭЗБХ:Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

    


    
    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.25) хуралдаан 10 цаг 19 минутад гишүүдийн 52.6 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 
    Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тогтоолын төсөлтэй холбогдуулан хүргүүлсэн саналынхаа талаар танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар “Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь, Н.Ганибал нарын нэрсийг оруулах саналтай байгаагаа мэдэгдсэн. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулттай гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувиар дэмжсэн. 

    Тогтоолын төсөлд Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь цөөнхийн төлөөллөөс Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг нэмэхээр тусгасан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.



“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг  танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, анхны хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсний дагуу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын даргын 74 тоот захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг миний бие ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласныг дурдав.

Мөн Ажлын хэсэг 05 дугаар сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд Ажлын хэсгийн гишүүдээс санал авч, 23, 24-ний өдрүүдэд гишүүдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн 2022 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Ажлын хэсэг хуралдаж 14 зарчмын зөрүүтэй санал боловсруулан, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд санал хураалган шийдвэрлүүлэхээр бэлтгэсэн гэлээ.




Гишүүдийн ирүүлсэн саналаас дурдвал Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилтын биелэлт хэдэн хувьд хүрэхийг шууд харах боломж олгох хэрэгжилтийн хувийг харьцуулсан багана нэмэх; өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлэх хүрээнд төслийн 5 бүлэг 18 зорилгын хүрээнд нийт 75 төсөл, арга хэмжээний 202 шалгуур үзүүлэлтэд хамрагдах 202 “суурь түвшин”-ий 128-д буюу 63 хувьд нь харгалзах утгыг хоосон орхисон байгааг нөхөж нэмж тусгах; төлөвлөгөөний төслийн 6 дугаар багана дахь “санхүүжилтийн хэмжээ”-г Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх хүрээнд санхүүжилтийн хэмжээг хоосон орхисон холбогдох 74 мөрийг нөхөх; цаашид хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн байгууллагын улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, улсын хэмжээний хөгжлийн төлөвлөлт хийх чадавхийг сайжруулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхтэй холбоотой 4 багц санал өгсний 2 багц саналын агуулгыг  тогтоолын төслийн 3 болон 4 дэх дэд заалт болгон холбогдох саналын томьёоллыг бэлтгэсэн болно. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Д.Сарангэрэл нарын саналаар тогтоолын хавсралт дахь зорилго 1.5, 2.1, 2.4, 2.5, 3.1 болон тэдгээрт харгалзах төсөл, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг өөрчлөн найруулж, тогтоолын төслийн хавсралтад нэг төсөл, арга хэмжээг шинээр нэмж тусгасныг танилцуулгад дурдсан байлаа. 




    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, тогтоолын төслийн 4 дэх заалтыг хасаж, төслийн хавсралтын  Зорилго.1.5-ыг “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэж, ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, нийгмийн хамгааллыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлнэ.” гэж,  Зорилго 2.5-ыг “Хөдөө аж ахуйн гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.”  гэж, төслийн хавсралтын Зорилго 2.4-ийг “Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд уул уурхайн түүхий эдийн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлнэ.” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус  дэмжлээ. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 



Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагын дагуу хуулийн тандан судалгаа, концессын хуулийн хэрэгжилтийн үр дүн болон олон улсын харьцуулсан судалгааг боловсруулж, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан батлуулж, хуулийн төслийг өргөн барихад холбогдох зөвшөөрлүүдийг авахаас гадна УИХ-ын ажлын хэсэг, хувийн хэвшил, олон нийт, олон улсын байгууллагуудын дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, хуулийн төсөлд санал авч, ирүүлсэн саналыг тусган ажилласан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдаад НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос 2019 онд баталсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай жишиг хууль, түүний гарын авлагыг судалж, хуулийн төсөлдөө баримтлан ажилласан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл гэдгийг онцолж байлаа. 

Мөн тэрбээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгож нийтийн зориулалттай дэд бүтцийн болон төрийн үйлчилгээний чиг үүргийг харилцан үр ашигтай нөхцөлөөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх замаар улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн суурь нөхцөл болон төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ  түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан гэв.



Түүнчлэн, хувийн хэвшлийн түншлэгчид тавигдах шаардлагыг томьёолж, түншлэгчийг сонгох, гэрээ байгуулах асуудлыг тодорхой, ойлгомжтой, ил тод байдлыг хангах байдлаар хэрэгжүүлэх зохицуулалт, түншлэгч талуудын чиг үүрэг, эрсдэлийн удирдлага, түншлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг болон бусад оролцогчдын чиг үүрэг, ялангуяа төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд салбарын яамны үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны талаар нарийвчлан тусгасан бөгөөд цаашид “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглох заалтыг тусгасан болно. Ингэснээр төсвөөс үр ашиггүй концессын төслүүдэд эргэн төлөлт хийдэг байдал арилж, төсвийн ачааллыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байлаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хүрээнд түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, түншлэлийн төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор гэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчин тодорхой болгох зохицуулалтыг тусгаж, түншлэлийн ил тод байдлыг хангах, төслийн хэрэгжилтэд хяналтын тогтолцоог бүрдүүлэх, төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчлан оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх гомдол шийдвэрлэх асуудлыг тодорхой зохицуулах, үүссэн маргааныг гэрээнд болон хуульд заасан хэлбэрээр шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.

Хуулийн төслийг хэрэгжүүлснээр томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд тусгаснаар төслүүдийг хэрэгжүүлэх оновчтой эх үүсвэрийг хуваарилах, төслийг хэрэгжүүлэх арга зам, төрөл, хэлбэр болон гарч болох эрсдэлийг бодитой тооцож, авах арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлснээр төслүүдийг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дорвитой нэмэгдүүлж, сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орчныг сайжруулах, олон улсын байгууллагуудын хамтын дэмжлэг нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Т.Доржханд, Д.Батлут, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Д.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдвал концессын жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр болон одоо гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа төслүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулсныг илүүтэй тодруулахын зэрэгцээ төр, хувийн хэвшлийн  түншлэлийн гэрээнд Засгийн газрын баталгаа гарах эсэхийг лавласан. 

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, хуулийн төсөл батлагдсанаар Концессын тухай хуулийн үйлчлэл зогсоно. Харин одоо концессын жагсаалтад орсон байгаа эсвэл гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төслүүдийн хувьд үйл ажиллагаа нь цаашаа хэвийн үргэлжилнэ. Гэхдээ гэрээнд өөрчлөлт оруулж, салбарын яамны оролцоо хяналтыг сайжруулах асуудлыг тусгана. Учир нь Концессын тухай хуульд гэрээний явцад хяналт тавих салбарын яамны оролцоо мэргэжлийн чиг үүргийн асуудал нь байдаггүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд концессын гэрээгээр гүйцэтгүүлж байгаа төсөл арга хэмжээнд салбарын яамны оролцоог нэмэгдүүлсэн гэдгийг тодотгов. 

Ажлын хэсгээс хуулийн төслийн 31 дүгээр зүйлд Засгийн газар төслийн бүрэн шинжилгээний үр дүнд үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөлд  гэрээ болон түүнийг дагалдан байгуулагдсан гэрээ, тэдгээрийн гол нөхцөл зөрчигдөх нөхцөл үүссэн тохиолдолд түншлэлийн төсөлд төсвөөс санхүүжүүлэх үүргийн баталгаа, түншлэлийн төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авах, олон нийтийн хэрэгцээнд ашиглах, хэрэглэх баталгаа гаргаж болно гэж заасан хэмээх нэмэлт тайлбарыг өглөө.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул  энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцууллаа.



Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар захирамжаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Г.Ганболд, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байгааг дурдаад Ажлын хэсэг байгуулагдсан цагаас хойш Бүгд Найрамдах Казахстан улс, Гүрж улсын парламентын гишүүд, холбогдох төрийн байгууллагын төлөөлөлтэй 3 удаагийн санал солилцох, туршлага судлах уулзалт хийж,  Дэлхийн банкны төлөөлөлтэй 4 удаа,  төрийн 27 байгуулагатай 46 удаагийн хурал, уулзалт, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй 5 удаагийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулахын зэрэгцээ дээрх байгууллагын төлөөлөл болон иргэн, аж ахуйн нэгжээс хуулийн төсөлд холбогдуулан гаргасан нийт 550 гаруй саналтай танилцаж, төсөлд холбогдох зарим саналыг тусгасныг онцлов.

Түүнчлэн тэрбээр, Ажлын хэсэг хуулийн төсөлтэй холбогдуулан гадаад улсын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтын судалгаа, мэргэжлийн байгууллагатай хамтран төсөлд холбогдох эрсдэлийн үнэлгээг тус тус гарган ажилласан. Ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын хугацаанд нийт 5 удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарах саналыг нэг бүрчлэн хэлэлцсэнийг тодотгосон. 

Ажлын хэсгийн зүгээс дараах санал, дүгнэлтийг бэлтгэснийг Байнгын хороонд танилцууллаа.

Үүнд: Нэг.Хуулийн үйлчлэх хүрээ

    -хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулах;

    -хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх;

    -Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулах.

Хоёр.Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим

   -хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглох;

   -төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн этгээд хариуцах;

    -Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх;

    -зөвшөөрөл эзэмшиж байгаатай нь холбогдуулан зөвшөөрөл эзэмшигчийн тодорхой эрхийн хязгаарлалтыг хуулиар тогтоох;

    -зөвшөөрлийг шинээр бий болгоход тухайн үйл ажиллагааг төрөөс зохицуулах шаардлагатай эсэх, зөвшөөрөл нь зохицуулалтын зохистой арга хэрэгсэл мөн эсэх, зөвшөөрөл нь нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх эсэхэд судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

    -Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэхийг хориглох;

    -зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглох.

Гурав.Зөвшөөрлийн ангилал

    -зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай болон энгийн зөвшөөрөл гэж ангилах;

  -Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй үйл ажиллагаа, эсхүл тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгох;

    -нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаа, эсхүл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагаа, эсхүл газар, газрын хэвлий, түүний баялаг болон байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ахуйн хэрэгцээний зориулалтаар ашиглуулахад энгийн зөвшөөрөл олгох.

Дөрөв.Зөвшөөрлийн хугацаа

   -хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох;

  -ашиг олох зорилгоор, эсхүл үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгох;

    -дээрх зөвшөөрлөөс бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгох;

   -хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөл авсаны үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагааны хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байх;



Тав.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд

   -энэ хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрлийг олгох бөгөөд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвшөөрөл олгох бүрэн эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглох;

   -өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахгүй байх;

   -зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явцыг зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод  байлгах;

    -хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох;

    -зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах.

Зургаа.Зөвшөөрөл олгох эрх шилжүүлэх

    -хуульд заасан тохиолдолд эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох эрхээ төрийн холбогдох байгууллага, албан тушаалтан, эсхүл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан төрийн бус байгууллага, мөн нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болох талаар;

    -эрх шилжүүлэн авсан этгээд Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлэх;

    -зөвшөөрөл олгох эрхийг хууль бусаар шилжүүлсний улмаас бусдад учирсан хохирлыг тухайн эрх шилжүүлсэн этгээд хариуцах.

Долоо.Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах

   -зөвшөөрөл хүссэн өргөдөл нь иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх;

    -эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн үндсэн дээрх эрхлэх нэмэлт зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлсэн баримт бичгийг дахин шаардахгүй байх;

    -цахим хэлбэрээр гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу бичгээр гаргасан хүсэлт гэж үзэх.

Найм.Зөвшөөрөл олгох

    -зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 22 өдөр буюу хуанлийн 30 хоногийн дотор шийдвэрлэх;

   -зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар шийдвэрлэх бөгөөд өргөдлийг шийдвэрлэх хүртэлх явцын мэдээллийг өргөдөл гаргагч иргэн, аж ахуйн нэгжид цахимаар танилцаж, хянах боломжийг олгох;

   -зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжээс төрд байгаа мэдээллийг шаардахгүй бөгөөд төрийн байгууллага хоорондоо Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн  18 дугаар зүйлийн 18.13-т заасны дагуу мэдээллээ солилцох;

    -зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг болон хуульд заасан шаардлагын дагуу нэмэлт магадлан шалгах ажиллагааны хугацааг дээрх ажлын 22 өдрийн дотор багтаан явуулах;

    -хуулийн хугацаанд өргөдлийн хариуг шийдвэрлээгүй бол хугацаа дууссанаас хойш гурван хоногийн дотор энгийн зөвшөөрлийг олгох шийдвэрийг эрх бүхий этгээд гаргах үүргийг хүлээх;

    -хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй нь холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл болох.



Ес.Зөвшөөрлийн хугацааг сунгах

    -зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 15 өдөр буюу хуанлийн 21 хоногийн дотор шийдвэрлэх;

   -зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах талаарх мэдээллийг зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэх;

   -зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг эрх бүхий этгээдэд гаргах;

    -эрх бүхий этгээд зөвшөөрлийг анх авахад бүрдүүлж өгсөн материалыг иргэн, аж ахуйн нэгжээс дахин шаардахгүй байх;

    -зөвшөөрөл эзэмшигч татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийн анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгах;

   -хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасан, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа бол эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгах;

    -эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцох.

Арав.Дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт

  -ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, байгалийн баялаг, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглуулахад олгох зөвшөөрлийг дуудлага худалдаа, эсхүл сонгон шалгаруулалтын журмаар олгох;

   -дээрх харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулах;

Арван нэг.Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

    -зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэр, зөвшөөрлийг худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн мэдээллийг агуулсан Зөвшөөрлийн нэгдсэн сантай байх;

    -зөвшөөрлийн нэгдсэн санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан ажиллах.



Арван хоёр.Зөвшөөрлийн жагсаалт

    -Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлд нийт 448 зөвшөөрөл, үүнээс 13 чиглэлийн 285 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 163 энгийн зөвшөөрөл туссан бөгөөд зөвшөөрлийн тоог дараах үндэслэл, шалтгаанаар бууруулсан.

 Үүнд: Салбар хуулиар эрх аваагүй буюу эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэрээр олгож буй зөвшөөрөл;

    хуулиар давхардуулан олгож буй зөвшөөрөл;

    Бүртгэлийн шинжтэй явагдах харилцаа зэрэг. 

    -2019 оноос хойш Улсын Их Хурлаас баталсан хуулиудад тусгасан зөвшөөрлийг төсөлд нэмж тусгах;

    -дээрх үндэслэл, шаардлагын дагуу төсөлд нийт 358 зөвшөөрөл тусгасан бөгөөд үүнээс 14 чиглэлийн 245 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлийн 113 энгийн зөвшөөрлийг тусгасан.

Арван гурав.Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах Зөвлөл

    -зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, энэ хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллах;

    -зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, 11 гишүүнээс бүрдэх бөгөөд Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэх;

    -зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гүйцэтгэх;

    -Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах;

    -эрх бүхий этгээдээс олгож байгаа зөвшөөрлийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

    -зөвшөөрлийн тоог хязгаарлах, салбар хуулиар нэмэгдүүлэхгүй байх. 

Арван дөрөв.Хууль хүчин төгөлдөр болох

    - Зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх.

Арван тав.Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

    -Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн 45 хуулийн төслөөс 40 гаруй хуулийн төслийг Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн нэр томьёотой нийцүүлж жигдлэх зэрэг болно гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдсан. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Цэрэнпунцаг, Ч.Xүрэлбаатар, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Ажлын хэсгээс бэлтгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.

    Ингээд  хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл