Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.05.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.
Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичигт Монгол Улсын Засгийн газар хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар зорилт, арга хэмжээг тусгасан. Үүний дагуу Засгийн газраас хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг гурван чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхлээд байна гэлээ. Энэ гурван чиглэл нь:
1. Хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
2. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийн тайлбарыг сайжруулах, иргэний хэргийн шүүхийн шүүгч, хуульч, судлаачдыг үе шаттай мэргэшүүлэх, хувийн эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох;
3. Олон улсын хувийн эрх зүйн асуудлаар олон улсын байгууллага, бусад улстай хамтын ажиллагааг сайжруулах аж.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хийгдсэн эрх зүйн хамгийн том шинэчлэл нь 2002 оны Иргэний хууль гэж хэлж болно. Иргэний хууль батлагдсантай холбогдуулан тухайн цаг үед үйлчилж байсан хуулиудыг уялдуулан шинэчилсэн боловч зарим хуулиудыг тус хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд өнөөдрийг хүртэл нийцүүлж чадаагүй байна. Мөн эдийн засаг, бизнесийн хөгжил, технологийн үсрэнгүй дэвшил, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна.
Монгол Улсын Засгийн газар дээр дурдсан бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Оюуны өмчийн болон Цахимын багц хуулийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан бөгөөд цаашид дараах хуулийг боловсронгуй болгох замаар хувийн эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна хэмээн сайд мэдээллээ.
Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
Гадаадын зарим улс орнууд КОВИД-19 цар тахлын улмаас түр хугацаанд хэрэгжих болон шаардлагатай бусад эрх зүйн зохицуулалтыг бий болгоод байгаа бөгөөд тухайлбал, цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжид дампуурлын хэрэг үүсгэх мораториумын хугацааг сунгахаар заасан байна. Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Нидерланд, Унгар зэрэг улсуудад төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгжид бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлээд байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авсан мэдээллээр Монгол Улсын шүүхээр 2004-2021 он буюу 18 жилийн хугацаанд нийт 268 дампуурлын хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс КОВИД-19 цар тахал гарснаас хойш буюу 2020 онд 15, 2021 онд 5 хэрэг шийдвэрлэгдсэн тоо баримт байна.
Иймд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Хуулийн төслөөр төлбөрийн чадваргүйдлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлж, төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа буюу хуулийн этгээдийн үйл ажиллагааг сэргээх, дампуурахаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой ажиллагааны талаар шинэлэг зохицуулалтыг тусгаад байна. Мөн төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, хуулийн этгээд болон иргэн, хөрөнгө оруулагчийн хооронд өрийн сүлжээ, дарамт үүсэх явдлыг хязгаарлах, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдлыг хангах, бизнес эрхлэлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх юм.
Барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлийн үйл ажиллагааг бүртгэл хяналттай болгож, мөнгө хүүлэлтийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, мөн тэдгээрийг Иргэний хуульд заасан нэг удаагийн шинжтэй иргэд хоорондын зээлийн гэрээнээс ялгах business-to-consumer болон consumer-to-consumer зарчимд үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
Тус хуулийн төслөөр зээл авах иргэдийн эрх ашиг, эд хөрөнгийг хамгаалахаас гадна бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдүүлэгчийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлж, эдгээр үйл ажиллагаа эрхлэгчийн нэгдсэн бүртгэл бий болсноор мөнгөний эргэлт нь тодорхой болж, татвар шударгаар төлөгдөх нөхцөлийг бий болгоно.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байна. Хуулийн төсөлд төр болон орон нутаг зөвхөн тооцоо, судалгааны үндсэн дээр тодорхой салбарт эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, эсхүл нийтийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэх зорилгоор компани үүсгэн байгуулах боломжтой байх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялгийг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөлийг бүрдүүлж, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбаруудад төр хутгалдан орж өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломжийг олгоно.
Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагын багийг мэргэжлийн, чадварлаг, хараат бус, хөндлөнгийн хяналттай гишүүдээр бүрдүүлэх, сонгон шалгаруулах, тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны тайлагнал, ил тод байдлыг хангах механизмыг бүрдүүлэхэд чиглэж байна гэлээ.
Сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хуулийн төслүүд, боловсруулалтын шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар, Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийн тайлбарыг сайжруулах, иргэний хэргийн шүүхийн шүүгч, хуульч, судлаачдыг үе шаттай мэргэшүүлэх, хувийн эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Олон улсын хувийн эрх зүйн асуудлаар олон улсын байгууллага, бусад улстай хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. /Мэдээлэлтэй бүрэн эхээр нь эндээс танилцана уу./
Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талaар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хурaлдaанд хийсэн мэдээллийн талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс өгөх санал, дүгнэлтийг бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан.
Санал, дүгнэлтэд, хувийн эрх зүйн салбарт 2002 оны Иргэний хуулиас хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй, нийгмийн эдийн засгийн харилцаанд хууль нь саад тээг болж буй байдлыг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авч холбогдох арга хэмжээ авч эхэлж байгаа нь сайшаалтай хэрэг. Харин бодит байдал дээр хувийн хэвшилд үзүүлэх төрийн дарамт улам бүр нэмэгдэж, Ковид, Дайны хямралд өртөн улам бүр эмзэг болж буй хувийн секторын дэмжих бодлого одоо ч хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг баримт бичигт тусгасан арга хэмжээний хүрээнд хувийн эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлжээ.
Уг бодлогын хүрээнд Дампуурлын хуулийг шинэчилсэн найруулга Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгох зээлийн үйл ажиллагааг бүртгэл хяналттай болгож мөнгө хүүлэлтийг тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.
Өргөн барьсан хуулийн төслүүдээс харахад хувийн хэвшлийн хөгжлийг хангах, дэмжлэг үзүүлж эдийн засгийн хямралыг даван туулахын эсрэг авч буй арга хэмжээ гэж дүгнэж болохоор байна. Монгол Улсын эдийн засаг агшиж, үнэ өссөн макро эдийн засгийн давхардсан хямралт нөхцөл байдлын энэ цаг үед хувийн хэвшлээ татварын уян хатан бодлого, зээл тусламжаар дэмжих ёстой байтал дампуурлын асуудлыг нарийвчлан зохицуулна, иргэдийн мөнгө хүүлэх ажиллагаанд тавих хяналт чангаруулна гэсэн бодлого ярих нь цагаа олоогүй хэрэг гэж үзэж байна.
Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлд нилээдгүй олон асуудал дурдагдаж байна. Эдгээр ажлуудыг аль болох цаг алдахгүй шийдвэрлэх нь чухал байна хэмээжээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Дараа нь Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжүүлэх байсан ч УИХ-ын гишүүд Хуулийн төслийн талаар дахин хэлэлцэж саналаа нэгтгэх шаардлага байна гэсэн үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авлаа.
Хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Байнгын хороонд шилжүүллээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн, Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудлуудтай холбоотой асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжсэн учир дээрх хоёр хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах дэд ажлын хэсэгт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан байна.
Байнгын хороо хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хууль хяналтын байгууллагын албан хаагчид болон мэргэшсэн судлаач, эрдэмтдийн төлөөллийг оролцуулж, тэдгээрийн санал, шүүмжийг сонсчээ.
Хууль зүйн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-7 заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэлээ.
Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах, хуулийн төслийн нэр томьёог жигдлэх зэрэг зарчмын зөрүүтэй болон найруулгын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт гараагүй бөгөөд Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 12 гишүүнээс 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулсан. Хуулийн төсөлд Хүүхдийн эрхийн тухай конвенцын үзэл санаа, зарчимд нийцүүлэн зарчим, хамрах хүрээг нэмэгдүүлэх, хүүхдийн хамгаалагдах эрхийн хүрээнд хүүхэд хамгааллын кейс үйлчилгээний талаарх нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн шинээр нэмж тодорхойлжээ. Мөн орон нутгийн түвшинд /сум, хороонд/ хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, тэднийг удирдлага, бодлого, зохицуулалт, арга зүйгээр хангах асуудлыг тусгасан байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалтыг тодорхой болгох, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, цахим үйлчилгээ үзүүлэгч иргэдийн үүрэг хариуцлага, хүүхдийг цахим орчинд хамгаалах салбар дундын бүтцийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогодоо хүүхэд хамгааллын бодлогыг тусган хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг олон нийтийн, орон тооны бус эцэг эхийн зөвлөл байгуулж, хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, байгууллагадаа хүүхдэд ээлтэй орон зай бүрдүүлэх замаар албан хаагчдынхаа ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг мөн тусган боловсруулсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар хүүхэд хамгааллын тогголцоо бэхжиж, төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, чанар, хүртээмж дээшлэх, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа нар хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сард өргөн мэдүүлэх хуулийн төсөлтэй нэгтгээд хэлэлцэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа биш хүчирхийлэлд өртөхөөс өмнө арга хэмжээ авдаг байхаар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг 2016 оноос хойш Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын төсвийг 1.0 тэрбумаас 13.0 тэрбум хүртэл үе шаттай нэмэгдүүлсэн, иймд төсвийн хуваарилалтыг оновчтой зарцуулах, хүүхэд хамгааллын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Баярсайхан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүнээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.
Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д 2021 онд хоёр удаа өөрчлөлт оруулсан ч одоогийн мөрдөгдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон хэмээлээ.
Анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологи нэвтэрч эрчимтэй хөгжиж байгаа, сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа орсон иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, хорт хавдар, осол гэмтэл орж байгаа аж.
Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийснээс хойш 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна. Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багуудыг байгуулж, бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байна гэлээ.
Тэрбээр, Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зохион байгуулсан хэлэлцүүлэгт ЭМЯ, ХНХЯ, ЭМДЕГ, ЭМХТ, НЭМГ, АШУҮИС, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЦССҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, Үр шилжүүлэн суулгах төвүүд, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо ТББ, Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны төлөөлөл оролцсон.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, донорын насыг 21 болгох, донорын талархлын өдрийг зохион байгуулах, амьгүй донорын гэгээн дурсгалыг хүндэлдэг байх, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэхээс үл хамаарч оршуулгын тэтгэмж үзүүлдэг байх гэсэн саналуудыг дэвшүүлж байсан.
Мөн амьд донорыг ажлын хамт олон дунд таниулан ойлгуулах, ажлын нөхцөлийг нь тодорхой хугацаагаар хөнгөвчлөх, шаардлагатай бол эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, бэлгийн эсийн донор, эсийн банк байгуулах тухай асуудлыг шийдвэрлэх тухай санал гаргажээ.
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэж, эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болох юм байна. Мөн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллаж, Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий болох аж. Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болж, амьд донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах, амьгүй донорын оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгох боломжтой болох юм байна.
Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар доноруудын эрх ашгийг хамгаалах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төслийг хэлэлцэн баталснаар гадаадад эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй иргэдийн урсгалыг багасгаж чадах эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хүлээгдэж байгаа өвчтөний бие цаг алдсаны улмаас улам дорддог, иймд хагалгааны дарааллыг хэрхэн тогтоодог талаар болон цаашид эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг ашиглалтад оруулах, орны хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг Засгийн газраас салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа тул Улсын Их Хурлын гишүүд төсөлд саналаа тусгахдаа нотолгоонд суурилах шаардлагатай талаар саналаа илэрхийлжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр буюу 100 хувийн саналаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны төгсгөлд Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.