“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдсон долоон баг 2017 оны долдугаар сарын 31-нээс эхлэн Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн есөн дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд төсөл хэлэлцүүлэгч сүүлчийн баг болох Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх, Ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2017.08.25) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг Орхон аймгийн төв Баян-Өндөр суманд зохион байгуулав.
Тус ажлын хэсэг наймдугаар сарын 14-нөөс эхлэн Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал болон Тамгын газрын ажилтан Б.Гандулам, Г.Нарантуяа, С.Эрдэнэчимэг нар ажилласан юм. Орхон аймагт болсон хоёр өдрийн хэлэлцүүлэгт тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир оролцсон бөгөөд тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай холбоотой дэд хэсгийг ахалж байгаа билээ.
Орхон аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажилтнууд, сум, багуудын удирдлага төслийн хэлэлцүүлэгт эртнээс бэлтгэж, иргэддээ урилга тараан, сайтар зохион байгуулалттайгаар багуудаараа хэд хэдэн удаа хэлэлцсэний дээр наймдугаар сарын 31-нд дахин нэг хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байгаа аж. Үүнээс гадна Аймгийн ЗДТГ, ИТХ-аас ЗДТГ-ын “Иргэн танаа” сонины тусгай дугаарыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сэдэвт бүхэлд нь зориулж иргэддээ тараасан юм.
Үдээс өмнө Баян-Өндөр сумын Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Засаг дарга нарын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон төрийн 44 албан хаагч оролцож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийлэн зарим зөрүүтэй ойлголтоо ажлын хэсгийнхнээс асууж, хариулт авлаа. Харин үдээс хойш “Уурхайчин” соёлын ордны Их танхимд болсон хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын 21 багийн Ажлын хэсгийн гишүүд, нутгийн иргэдийн төлөөлөл 450 орчим хүн оролцов.
Монгол Улсын Төрийн дууллаар ёслол төгөлдөр эхэлсэн энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дунд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, 1992 оны Үндсэн хууль батлалцаж явсан ахмадууд болох Д.Рэнцэннацаг, С.Ёндонжамц, Д.Цэен-Ойдов нар байлаа. Д.Рэнцэннацаг гуайн өгүүлснээр АИХ-ын депутат байсан 430 хүний тал хувь нь өдгөө тэнгэрт халиад байгаа, Эрдэнэтээс сонгогдсон таван хүн байдаг, үүнд өөрөөс нь гадна Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, мөн Д.Тогооч, Д.Ганболд нарыг дурдаж болох бөгөөд нэрт сэтгүүлч, зохиолч асан Ж.Барамсай нас нөгчсөн аж.
Баян-Өндөрийнхний хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой сонирхож буй гол сэдэв нь Сэлэнгэ, Дархан-Уул аймагт яригдсан хамгийн чухал, нийтлэг асуудал болох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой асуудлууд байв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх энэ хэсэгт “улсын чанартай хот”, “орон нутгийн чанартай хот” гэсэн заалт шинээр орсон бөгөөд Орхон аймаг, түүний дотор Баян-Өндөр сумын хувьд энэ заалт 1994 онд Эрдэнэт хот сумын статустай болсноос хойш 20 гаруй жилийн турш хүсэн хүлээж буй, амин чухал заалт нь болохоор уг асуудлаар олон хүн санал бодлоо илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва иргэддээ хандан үг хэлэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулж буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай холбоотой заалт тус сумын иргэдэд ямар ач холбогдолтой болохыг тайлбарлаад “Эрдэнэт хотын статус үгүй болсноор сум, орон нутагт стратеги төлөвлөгөө, цогц бодлого хэрэгжүүлэх боломж хумигдаж, багууд нэгжийн хуваарилалтын дагуу төрийн анхан шатны үйлчилгээ авахад бэрхшээлтэй болсон. Хотын статустай болох асуудлаар Улсын Их хурлын гишүүн Д.Дамба-Очир олон жилийн турш бидний дуу хоолой болж яваа хүн” гэсэн юм.
Харин эрхэм гишүүн Д.Дамба-Очирын хувьд Үндсэн хуульд удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулж ирсэн түүхээс дурдаад 25 жилийн турш яригдаж байгаа энэ асуудлаар есөн жилийн турш хөөцөлдөж байгаа, 2008-2009 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гурав дахь ажлын хэсэг хотын статусын асуудлыг Улсын Их Хуралд оруулж байсан, энэ удаагийн төслийн заалтаар 1992 оноос өмнөх засаг захиргааны нэгжийн зохион байгуулалтын асуудал дахин яригдаж байгаа. Уг өөрчлөлтөөр Эрдэнэт улсын чанартай хот болж, иргэдийн амьдралд төрийн үйлчилгээний хүртээмжээс аваад олон нааштай өөрчлөлт гарна гээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүх нийтийн санал авахын тулд түүний зүйл, заалтыг иргэддээ сайтар ойлгуулахаар улсаас ихээхэн зардал гарган зориуд зохион байгуулж буй энэхүү бүсчилсэн хэлэлцүүлэгт иргэд идэвхтэй оролцож саналаа өгөхийг хүслээ.
Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлсэн үгэндээ "Баян-Өндөр сум буюу хуучнаар Эрдэнэт нь улсын чанартай хот болсноор багууд нь хороо болж, сумд хэмээх давхардсан бүтэц, хүнд суртал үгүй болно, нутгийн захиргааны байгууллагуудын бие даасан байдал, хэв шинж, чадвар чансаа сайжирч, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэсэн утгаар нь Эрдэнэтчүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх дээрх заалтыг сайшаан дэмжиж байгаа. Эмч, багш нар зэрэг төрийн албан хаагчдын таван жил тутмын нэмэгдэл бол яригдах ёстой асуудлын нэг мөн ч сум, орон нутгийн нийтлэг эрх ашгийн үүднээс төслийг дэмжих учиртай юм. Иргэд маань Үндсэн хуулийн өөрчлөлт надад гэхээсээ илүү сум орон нутаг, улс оронд маань ямар ач холбогдолтой вэ гэдгийг бодмоор байна. Баян-Өндөр сум бол хүн амын төвлөрөл ихтэй, үйлдвэр, аж ахуйн том район атлаа баруун талдаа л гэхэд Булганы Бугат, Орхон сумын хилийн дээсээр хязгаарлагдаж, иргэд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж хувьчлах, өмчлөх ч газаргүй, малын бэлчээр байтугай бурхан болоочдоо ч оршуулах нутаггүй байгаа" тухай ярив.
Ер нь Үндсэн хууль бол иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалсан хамгийн том, эцэг, суурь хууль учраас түүнд оруулж буй өчүүхэн жижиг өөрчлөлтийг дагаад бусад - 480 гаруй органик хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахад цаг хугацаа шаардлагатай учраас төсөл дэх Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2021 оноос, бусдыг нь 2020 оноос дагаж мөрдөхөөр заасан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажил дээр нэг нам дангаар ажиллаагүй. УИХ-д суудалтай намуудаас гадна МҮАН, ИЗНН-ын төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, ЗГХЭГ, ХЭҮК зэрэг байгууллагын Үндсэн хууль судалдаг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил долоон үе шаттайгаар явж байгааг Ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаатар тайлбарлаж байлаа.
Хэлэлцүүлгийн үеэр үг хэлсэн хүмүүс сонгуульд оролцох иргэдийн оролцооны асуудал, энэ талаар хатуу зохицуулалт байж болох эсэх, Улсын Их Хурлаар хууль эцэслэн баталж буй босгыг өөрчлөх, давхар дээлийн асуудал яригдаж байхад “гуравны нэг” гэдэг тоог заавал оруулах шаардлага байгаа эсэх, хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гэхэд хэрэгжих хугацааг наашлуулж болох эсэхийг асууж, одоогийн төсөлд ихээхэн шүүмжлэл дагуулж буй багийн Засаг даргыг томилох асуудал дээр "Иргэдээсээ сонгох нь зүйтэй" гэсэн саналыг илүү дэмжиж байв. АИХ-ын депутат байсан Д.Цэен-Ойдов гуай Үндсэн хууль дахь нэмэлт, өөрчлөлтийн төслийг үндсэндээ дэмжиж байгаагаа илэрхийлээд Улсын Их Хурлын олон гишүүн "давхар дээлтэй" байгаагаас төр, засаг тогтворгүй байгааг шүүмжилж, Ерөнхий сайд, Шадар сайд хоёроос бусад нь Улсын Их Хурлын гишүүн байх ёсгүй гэсэн санал нэмэрлэлээ.
Иргэд ерөнхийдөө багийн Засаг дарга болон Улсын Их Хурлын гишүүнээр томилогдох насны хязгаарыг нэмэгдүүлэх, төрийн бэлгэдлүүд, түүний дотор Төрийн сүлдийг сэтгэлийн хөөрлөөр өөрчилсөн нь ард түмний сэтгэлд төдий л нийцтэй бус байгаа тул Төрийн сүлд, Төрийн дууллыг өөрчлөх, бүх шатны байгууллагуудын сонгуулийг нэг дор явуулж, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг таван жил болгон сунгах, Үндсэн хууль дахь нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааг 2020 оноос нааш татах зэрэг олон санал дэвшүүлсэн юм.
Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн сумдад өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр нэг бус иргэн “Монгол Улс мал сүргээ төрийн хамгаалалтад авсан. Тэгвэл Монголын төр монгол хүнээ хамгаалах заалтыг төсөлд суулгах хэрэгтэй" гэж үзэж байгаагаа хэлж байлаа. Төсөл хэлэлцүүлэгч багийн гишүүн, гавьяат хуульч Р.Хатанбаатар энэ асуултад хариулахдаа "Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотой хэсэг маш чамбай болсон гэж үздэг, өнөө болтол энэ талаар өгүүлэл, гомдол гарч байгаагүй"-г тэмдэглээд "Харин “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтын хувьд цаад үндсэн утгаараа монголчуудын амьдралын хэв маяг, нүүдэлчин ахуйг хамгаалах утгатай заалт юм" хэмээн тайлбарлалаа. Мөн сонгуульд оролцох иргэдийн оролцоотой холбоотой хатуу заалт оруулах эсэх тухайд тэрбээр “Монгол мэтийн парламентын засаглалтай олон орны хуулийг судалж үзэхэд энэ талаар хатуу зохицуулалт хийсэн заалт байдаггүй. Харин зарим оронд хэрэв сонгуульд оролцохгүй бол төрөөс үзүүлдэг зарим үйлчилгээг хязгаарлах заалт байдаг юм билээ” гэж хэлсэн юм.
Улсын Их хурлын Тамгын газраас томилсон долоон багаас зохион байгуулсан Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн орон нутаг дахь хэлэлцүүлэг Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр сумдаар ийнхүү өндөрлөж байна. Төсөл хэрэгжүүлэгч багийнхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг цаашид сум, орон нутагтаа жижгэрүүлсэн хэлбэрээр зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэж, гарын авлага, DVD-гээр хангасан бөгөөд тэдгээр багш нь хэлэлцүүлийг үргэлжлүүлэн зохиож ард иргэдийнхээ саналыг авах юм. Харин Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт ажиллсан Ажлын хэсгийнхэн ирэх долоо хоногт нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэлэлцүүлгээ үргэлжлүүлнэ.
Хөдөө орон нутагт болсон хэлэлцүүлгийн үеэр иргэдээс авсан саналын хуудсуудыг аймгууд нэгтгээд Улсын Их Хурлын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэгт есдүгээр сарын 5-ны дотор хүргүүлэх юм. Энэ хугацаанд саналаа өгч амжаагүй иргэд Монгол шуудан компанийн сум, орон нутаг дахь бүх салбараар тараасан байгаа саналын хуудсаар саналаа үнэ төлбөргүй илгээх боломж нь нээлттэй байгаа билээ. Мөн иргэд гар утасны аппликейшн ашиглах юм уу Parliament.mn сайтаар орж саналаа цахимаар өгөх боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Тодруулга
Монгол Улсын төвийн бүсийн зүүн хойд хэсэгт орших Эрдэнэт хот 1976 оны нэгдүгээр сарын нэгэнд байгуулагдсан. 1994 онд нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн дагуу Орхон аймаг хэмээн нэрлэж Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтай болсон. Баян-Өндөр сумын төв буюу хуучнаар Эрдэнэт хотод дэлхийн зэсийн 10 том ордын нэг - уул уурхайн компани ГОК буюу 6000 орчим ажилтан, ажиллагчтай Эрдэнэт үйлдвэр байдаг.
Тус сумын 24 багт 28,2 мянган өрхийн 101,9 мянган хүн амьдардөг бөгөөд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж суурьшсан олон үндэстэн ястнаас бүрдэх хүн амынх нь 63,9 хувийг залуучууд эзэлдэг байна.