Цэс

Холбоо барих

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцэв


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2017.08.30) 84.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 30 гишүүний 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах тухай саналыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38.1-д “…Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана…” хэмээн заасныг үндэслэн уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж буйг Байнгын хорооны дарга хуралдааны эхэнд тэмдэглэн хэлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай саналыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах саналыг наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн байна. Уг саналд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах үндэслэл нь Монгол Улсын хууль тогтоолыг зөрчсөн шийдвэр гаргаж, үйл ажиллаагаа явуулсан хэмээн дурджээ. Тодруулбал, Төсвийн тухай хуулийг зөрчиж, танхимын гишүүдийнхээ нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессийн гэрээ байгуулах эрхийг олгосон гэв. Уг шийдвэр нь холбогдох хуулийг зөрчихийн зэрэгцээ Улсын Их Хурлын бүрэн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл болсон гэж танилцуулгад дурдсан. 


Мөн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг хэрэгжүүлэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олон удаа эргэж буцсан саналыг Улсын Их Хуралд оруулж, шийдвэрлүүлж байсан нь огцруулах хоёр дахь үндэслэл болсон гэлээ. Гуравдугаарт, ард түмэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар итгэл алдсан Засгийн газартай хариуцлага тооцсон бол боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргасан, Засгийн газрын бодлогын нэгдмэл бус, тодорхойгүй байдал, тооцоо судалгаа муутай эргэж буцсан шийдвэрүүд, цөөн хүн, хуулийн этгээдийг дэмжсэн явцуу үйл ажиллагаа, Засгийн газраас удаа дараа утга найруулга, агуулга, бодлогын хувьд алдаатай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зэрэг үндэслэлээр Улсын Их Хурлын 31 гишүүн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд зарим зүйлийг тодруулав. Уг саналд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн итгэл үнэмшлээрээ гарын үсэг зурсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэлээд, дэлгэрэнгүй хариулт өгсөн.


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төрийн албанд ажиллаж буй хэн нэгнээс ямар нэг хэмжээгээр мөнгө авч томилгоо хийсэн бол би саналаараа огцорно гэдэг албан ёсны байр сууриа илэрхийлсэн. 807.8 тэрбум төгрөгийн долоон концессийн асуудал яригдаж байна. Манай Засгийн газар Дорноговь аймгийн автозам, Хан-Уул дүүрэг дэх 300 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэн, дуусгах зорилгоор ердөө хоёр концессийн гэрээ байгуулсан. Бусад нь өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан концессийн гэрээнүүд бөгөөд бид мөнгөний хэмжээг бууруулж, төлөх хугацааг нь уртасган нийт зургаан концессийн гэрээнээс 50 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж ажилласан. Улсын төсөвт 50 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн нь бага мөнгө биш, үндсэндээ 50 цэцэрлэг барих хэмжээний мөнгө шүү дээ. Ийм үйл ажиллагаа явуулсныг үндэслэл болгон, сүүлд батлагдсан хуулийг мөн үндэслэлдээ дурдсан байгааг Та бүхэн анзаарч байгаа биз ээ” гэв. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллагад ямар нэг нөлөө үзүүлээгүй бөгөөд Засгийн газар тус байгууллагуудад тодорхой үүрэг даалгавар, чиглэл өгсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг эхний хоёр үндэслэлтэй санал нэгтэй байгаа бөгөөд Засгийн газартай хариуцлага тооцох нь зөв гэдэг дүгнэлт гаргасан болохыг танилцуулсан. Түүнчлэн хариуцлагын олон хэлбэр бий гэдгийг дурдаад “Төрийн ажлыг гацаахгүй, түмний амьдралд саад тотгор болохгүйгээр Засгийн газартай хариуцлага тооцоод, ажлыг нь ургаштай явуулах тал дээр анхаарах нь зүйтэй” гэлээ.


Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах тухай саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дээрх саналыг дэмжээгүй бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл