Цэс

Холбоо барих

Баянгол дүүрэгт Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцүүлэгч баг өнөөдөр (2017.08.24) Баянгол дүүрэгт ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсов.


Хэлэлцүүлэгт Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, УБХ, УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэн, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх С.Доржханд тэргүүтэй төсөл хэлэлцүүлэгч баг, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөл 170 гаруй хүн хамрагдав.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “УИХ-аас гарсан 39 дүгээр тогтоол, НИТХ-ын 36 дугаар захирамж мөн Баянгол дүүргийн ИТХ-ын 104 дүгээр захирамжийн дагуу дүүргийн нийт 23 хорооны 2000 гаруй иргэнийг хамарсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. Баянгол дүүрэгт 22 мянган саналын хуудас ирсэн байгаа. Иргэд та бүхэн энэхүү саналын хуудсаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” гэлээ.



Хэлэлцүүлэгт оролцож буй иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Р.Нацагдорж “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэсэн бол 17-р хорооны иргэн С.Лянхцэцэг “УИХ-д хуульч мэргэжилтэй хүмүүсийг нэр дэвшүүлэх хэрэгтэй” гэлээ. Харин хоёрдугаар хорооны иргэн Т.Жуков “Шүүхийн Ерөнхий шүүгчийг ард нийтээрээ сонгох саналтай байна” гэж байлаа.



Түүнчлэн иргэдийн зүгээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хуулийн төсөлд тусгах, УИХ-ын гишүүний дархан эрх авлига, гэмт хэрэг, хүчингийн хэрэг үйлдсэн бол хамаардаггүй байх, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нухацтай, хариуцлагатай хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналуудыг хэлж байсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл