Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 46 дахь дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 46 дахь дугаарт Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.


Мөн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиар Монгол Улсын төсөвт 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2018 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,710,777.6 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 683,319.8 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 82,884.4 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2018 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 122,747.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2018 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 508,744.3 сая төгрөгөөр баталсан байна.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн  эх  үүсвэрээс  улсын  төсөвт  олгох  шилжүүлгийн  хэмжээг 100,000.0 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны төсвийн жилд Ирээдүйн өв сангийн эх үүсвэрээс улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээг 408,744.3 сая төгрөгөөр, Засгийн газрын 2018 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,583,181.9 сая төгрөгөөр баталжээ.

Мөн дугаарт Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад “сахилга, хариуцлага, ажлын үр дүнг урамшуулах” зориулалтаар батлагдсан хөрөнгийг зарцуулахтай холбогдуулан төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, үйл ажиллагааны үр дүн болон хөдөлмөрийн гэрээг хагас, бүтэн жилээр үнэлж, дүгнэх, ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үр дүнд үндэслэн урамшуулах тогтолцоог бий болгох, энэ талаар холбогдох журам баталж мөрдүүлэх, газрын тухай хуульд нэмэлт оруулсантай холбогдуулан газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаарыг шинэчлэн тогтоохыг дээрх тогтоолоор Засгийн газарт даалгажээ.

Түүнчлэн газрын суурь үнэлгээг Засгийн газар тодорхой хугацаанд шинэчлэн тогтоож, нийтэд заавал зарлаж байх үүргийг Газрын төлбөрийн тухай хуулиар нарийвчлан тогтоох хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний байршил, хүчин чадлаас хамааруулан төсөвт өртгийн зөрүүг нягталж, батлагдсан төсөвт өртөгт багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг даалгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл