Цэс

Холбоо барих

Налайхыг бие даасан хот болгох хүсэлтийг дүүргийн иргэд тавилаа

УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх УИХ-ын Тамгын газраас томилогдсон Эдийн засгийн байнгын хорооны баг бүрэлдэхүүн өнөөдөр /2017.08.24/  Налайх дүүрэгт ээлжит хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт Налайх дүүргийн  Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын дарга Б.Нэргүй болон дүүргийн иргэд, хөдөлмөрчид оролцов.

Хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан хөтөлж, байнгын хорооны зөвлөхүүд хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.

Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Манай дүүрэг долоон хороондоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, амаар болон бичгээр иргэдийн саналыг нь авсан. Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын дагуул хот учраас Үндсэн хуультай холбоотой хэд хэдэн асуудал шийдвэрлүүлэх шаардлага бий. 2015 онд дагуул хотынхоо захирагчийг сонгосон. Цаашид Налайхыг бие даасан хот болгох талаар иргэд санал их гаргадаг. Эдийн засаг, орон нутгийн төсвөө ч бүрдүүлэх боломжтой. Энэ эрхээ эдлэхийн тулд бие даасан хот болох шаардлагатай. Мөн Налайх дүүрэг, нутаг дэвсгэрийн хувьд нийслэлийн алслагдмал дүүргийн нэг. Налайхад хилийн цэсийн маргаан нэлээд бий. Иймд иргэд маань Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд бие даасан хот болгох саналаа түлхүү өгөх байх гэж бодож байна” гэлээ.


Налайх дүүргийн I хорооны иргэн Д.Отгонсүрэн “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна. Мэдээж зарим нэг заалтыг өөрчлөх, магадгүй хасах хүртэл санал гарахыг үгүйсгэхгүй. Дэмжиж байгаа саналын хувьд Ерөнхий сайд  танхимаа бүрдүүлдэг заалт юм. Хуулийн төсөлд энэ саналыг оруулж өгснөөрөө Ерөнхий сайд хэн нэгэнд барьцаалагдахгүй ажлаа хийж, хариуцлагаа өөрөө үүрэх боломж бүрдэнэ. Мөн төрийн албан хаагчийн ажлын байрыг хадгалж үлдэх маш зөв заалт тусгасан байна.  Нийслэл, орон нутаг гэлтгүй сонгуулийн дараа намын үзэл суртал нэрийн дор ажлаас нь олноор нь халдаг байдал газар авсан өнөө үед нүдээ олсон нэмэлт, өөрчлөлт орох нь гэж харж байна” гэлээ.

Налайх дүүргийн I хорооны иргэн А.Ганболд “1992 оны Үндсэн хуульд хэд хэдэн нэмэлт, өөрчлөлтийг оруулмаар санагддаг. Нэгдүгээрт, Монгол Улсын төр, Засгийн газраас иргэддээ учруулсан хохирол бүрийг нөхөн төлүүлнэ гэсэн заалтыг оруулмаар санагддаг. Ялангуяа иргэдийн ажлын байрыг нь улсаас байхгүй болгосон бол нөхөн олговор олгох ёстой. Жишээлбэл, 1995 оны нэгдүгээр сарын 5-нд цаана нь 60 тонн авч ашиглаж болох нүүрстэй байхад Налайхын нүүрсний уурхайг албан ёсоор хаасан. Уурхай, үйлдвэр аж ахуйн нэгжийг хааж болно. Гэхдээ ажилчдыг нь яах вэ гэдгийг байнга бодож  байх ёстой. Тухайн үед 1580 хүн огт ажилгүй болсон ч нэг ч төгрөгийн нөхөн олговор олгоогүй. Тэгэхээр цаашид Үндсэн хуульд иргэддээ учруулсан хохирлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхээр тусгах хэрэгтэй байна” гэлээ.


Налайхын иргэдийн олонхи нь дүүргээ хотын статустай болгож, бие даасан хот байх саналыг хэлж байлаа. Суугуул иргэд нь хот болох саналаа гаргадаг ч шийдвэр гаргах дээд төвшинд очоод гацдаг гэдгийг  шүүмжилж байсан юм. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай заалтад өөрчлөлт оруулахдаа орон нутгийн иргэдийн саналыг түлхүү оруулахгүй бол маргаан эцэслэхгүй гэдгийг хэлж байв.

Тэгвэл зарим иргэд одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хууль муу хууль биш. Харин дагаж  гарч байгаа хуулиуд нь муу байна гэсэн бол УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох, эгүүлэн татах заалтуудыг тодорхой тусгамаар байна гэх санал цөөнгүй гаргасан. 

Үндсэн чиглэлийн яаманд Эрүүл мэнд, Боловсролын яамыг зайлшгүй оруулах шаардлагатай талаар багш, эмч нарын төлөөлөл санал бодлоо хуваалцав.  Тухайлбал, нийслэлээс алслагдмал Багануур, Багахангай, Налайх дүүргийн багш нар таван жилийн нэмэгдэлд хамрагддаггүй. Бусад төрийн албан хаагчдын хувьд ч хэлтэс нэрийн дор адилхан алслагдмал орон нутагт ажиллаж байгаа ч аймгуудын газруудын албан хаагчидтай ижил хэмжээний цалин авдаг, ажил нь яг ижил байгааг хэлж байсан юм. Иймээс бие даасан хот болсноор олон асуудлыг шийдэх боломжтойг онцолсон. Ийнхүү иргэдийн саналаар хэлэлцүүлэг дууслаа.

Налайх дүүрэг хэлэлцүүлэг зохион байгуулснаар УИХ-ын Тамгын газраас томилсон Эдийн засгийн байнгын хорооны баг бүрэлдэхүүний Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хариуцсан аймаг, дүүрэгтээ хэлэлцүүлэх  ажил өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл