Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн санал авах хэлэлцүүлгийг Нийслэлийн Багануур дүүрэгт өнөөдөр /2017.08.24/ зохион байгууллаа. УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон баг өчигдөр Багахангай дүүрэгт ажиллаад, үргэлжлүүлэн ийнхүү Багануур дүүрэгт ажиллаж байна.
Хэлэлцүүлэгт Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, ИТХ-ын дарга С.Даваасүрэн болон тус дүүргийн I-V хорооны иргэд, хөдөлмөрчид оролцлоо. Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан. Өнөө хүртэл Үндсэн хууьд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэхдээ өөрчлөлт оруулахдаа ард иргэдийн саналыг авч байгаагүй. Үндсэн хууль баталснаас хойшхи 25 жилд Монгол Улсын нийгэмд эдийн засаг, иргэдийн аж байдал өөрчлөгдсөн учраас нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болсон. Багануур дүүргийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар байгууллага, аж ахуйн нэгж, оршин суугч зэрэг 1200 гаруй иргэний саналыг амаар болон бичгээр авсан. Хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Иргэдээс төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй” гэлээ.
Багануур дүүргийн III хорооны иргэн Т.Хаянхярваа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Санал асуулгын хуудаст саналаа бичсэн байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх хадгалагдаж байх ёстой. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийг халдаг, сольдог байдлыг зогсоох ёстой. Үүнийг нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байгаад иргэн хүнийхээ хувьд талархаж байна.
Багануур дүүргийн V хорооны иргэн Г.Тогооч “Монгол Улсын Үндсэн хуульд 1992 оноос хойш хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орлоо. Одоо гурав дахь удаагаа өөрчлөхөөр ард нийтийн санал, асуулга зохион байгуулж байна. Үндсэн хуулийн I зүйл заалт надад таалагддаггүй. Үндсэн хуульд Монгол Улс тусгаар тогтносон, Бүрэн эрхэт Бүгд найрамдах улс мөн гэж тусгасан атлаа улсынхаа нэрийг өгөхдөө Монгол гэсэн ямар ч авиа дуудлага, сонсголгүй нэр өгсөн. Иймээс нэмэлт, өөрчлөлтөөр Бүгд найрамдах Монгол Улс гэж оруулмаар байна . Хоёрдугаарт, шүүх засаглалын талаар хуулийн төсөлд хэлэлцэж байна. Би шүүх засаглалын талаархи нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь дэмжиж байна. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухайд 1992 оны Үндсэн хуульд аймгуудын төвийг сум гэж нэрлэсэн. Үүнийг хот болгон өөрчлөх нь зөв” гэсэн юм.
Тус дүүргийн иргэд хэлэлцүүлэгт маш идэвхтэй оролцож, 1992 оны Үндсэн хууль сайн хууль байсныг тодотгож, нэмэлт, өөрчлөлт нэрээр бүх зүйл заалтад нь “гар хүрэхгүй” байхыг хүсэв. Мөн УИХ-ын гишүүн болон шүүгчийн насанд босго тавих нь зөв, мөн Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-тэй байх нь буруу хэмээн санал сэтгэгдлээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.