Цэс

Холбоо барих

“ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 10 дугаар                                                                                              Улаанбаатар

сарын 24ий өдөр                                                                                                        хот 

 

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн

Д.Батцогт

 

 

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 

Хууль, тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

 

Хууль зүйн байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.3-т заасны дагуу дээрх асуудлыг 2012 оны 10 дугаар сарын 24ий өдрийн хуралдаанаараа дахин хэлэлцлээ.

 

Тус Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдээд шийдвэрлэгдээгүй байгаа нийт 35 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийн заримынх нь төсөл санаачлагч гишүүдийн олонхийн бүрэн эрхийн хугацаа дууссан, зарим төслийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж дээрх төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

 

Тухайлбал Худалдааны тухай хуулийн төслийг “гадаад худалдааны асуудал нь Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнээс Эдийн засгийн хөгжлийн сайдад хамаарах болсон тул дахин боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай”, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төслийг “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Үндсэн чиглэлийн төсөл, төрийн байгуулалт, эрүү, иргэний зэрэг салбарын бус нийтлэг харилцааг зохицуулсан хуулийн төслийг хариуцан боловсруулах” гэж заасны дагуу Хууль зүйн яамнаас дахин боловсруулах нь зүйтэй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “хууль санаачлагч бүх гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр тус тус төсөлд тусгалаа.

 

Түүнчлэн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудалтай холбогдуулж гишүүдээс гарсан саналыг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзсэн тул Хууль, тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан болно.

 

Хууль, тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Та бүхэнд тараасан болно.

 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,     

 

            Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан Хууль, тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье.

 

            Анхаарал тавьсанд баярлалаа.

 

           

 

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                            Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл