Цэс

Холбоо барих

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ
БЭЛТГЭСЭН ТАЛААРХ БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ


2012 оны 12 дугаар
сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Ц.Оюунгэрэл


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Тус байнгын хороо Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг 2012 оны 11дүгээр сарын 28, 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаануудаар хийлээ.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Aжлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, санал хураалгасан дүнг танилцуулж байна.
Зарчмын зөрүүтэй саналууд нь хүнсний зориулалтаар хувиргасан амьд организмын гаралтай таримал ургамлыг тариалах болон мал амьтан өсгөн үржүүлэхийг хориглох, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх төрийн байгуулагад мэдээлэл өгсөнөөр үйл ажиллагаа эрхэлж болох, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн, эрсдэлийн үнэлгээ хийх, үндэсний лавлагаа лабораторийг хүнсний хяналтыг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагын дэргэд ажилуулах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг сайжруулах зэрэг асуудлыг хамарсан бөгөөд эдгээр саналыг Байнгын хорооны гишүүд дэмжсэн болно.
Төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Тэрбишдагва, С.Дэмбэрэл нар лабораторийн сүлжээг итгэмжлэгдсэн төрийн, орон нутгийн өмчит болон хувийн лаборатори болгож шинжилгээний дүнгээ мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлж байх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл импортлох хүнсний шошго нь монгол хэлээр эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байх, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарын дараа иргэний регистрийн дугаар, хүнсний чиглэлийн үйл ажиллагааны хэлбэрийн дараа бүтээгдэхүүний зураасан код гэж тус тус нэмэх, хяналтын байгууллага суурь мэдээлэлд тулгуурлан хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хийх эрсдэлд суурилсан хяналтыг төлөвлөх, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл, М.Зоригт нар төслийн зохицуулах харилцаанд мал амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээл, газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зохицуулалт нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн болно.
Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томъёоллыг Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн талаар тус Байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС,
ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                            Г.БАЯРСАЙХАН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл