Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 32 дахь дугаарын тойм


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 33 дахь дугаарт Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж, Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад дээрх зарлигаар даалгасан байна.

Мөн дугаарт Шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

Дээрх тогтоолоор “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд  Монгол Улсын хүн амын дунд хепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлан хепатитийн С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго тавьжээ.

Хөтөлбөрийн хүрээнд хүн амыг хепатитийн вирусын халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх замаар халдварын тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх аж. Түүнчлэн үндэсний хэмжээнд хепатитийн вирусын халдвар, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний нотолгоонд тулгуурласан чанартай багц тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлж, хепатитийн вирусын халдварын өвчлөл, элэгний хорт хавдрын үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх юм байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл