УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Солтан нар өнөөдөр (2017.09.04) ЕАБХАБ /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын албаны улстөрийн ахлах зөвлөх М.Фумагалли, хуулийн ахлах зөвлөх Л.Хадирка нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улсад тавтай зочлохыг хүсье. Үндэсний цөөнхийн нөхцөл байдалтай танилцахаар зорьж ирсэнд баяртай байна. Гурван сая гаруй хүн амтай манай улсын Баян-Өлгий аймагт үндэсний цөөнх казак үндэстнүүд оршин суудаг. Энэ уулзалтад Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон хоёр гишүүнийгээ урьж оролцуулж байгаа. Манай улсын Үндсэн хуулийн нэг бүлэг хүний эрх, эрх чөлөөнд зориулагдсан байдаг. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж Үндсэн хуульдаа заасан. Үндсэн хуулийн энэ заалтдаа төрийн бүх бодлого суурилж явдаг. Эрх зүйн хувьд хүний эрхийг хааж боосон зөрчил байхгүй ч амьдрал дээр зарим асуудал гардаг. Тухайлбал, Баян-Өлгийд олон хүүхэд монгол хэлээр ярьж чаддаггүй. Сургуульд ороод бүх мэдээллийг казак хэл дээр авч, монгол хэл сурч чадаагүй нь эргээд насанд хүрсэн хойноо ажлын байртай болж чадахгүй байх эрсдэл үүсдэг. Тиймээс үүнийг ч гэсэн сэтгэл, хөрөнгө гаргаж засах ёстой гэж боддог.
Үндэсний цөөнхтэй холбоотой зарим тохиолдолд эдийн засаг, соёлын хувьд автомат ялгарал гардаг учир тэр бүгдийг цаг хугацаанд нь засч залруулж явахыг эрмэлздэг. Дэлхий дээр казак хэл, соёлоо хамгийн сайн хадгалж үлдсэн нь манай улсын Баян-Өлгий аймаг гэж боддог. Энэ талаар олон удаа талархал сонсч байсан. Хүн амын тоогоор төлөөлөл нь УИХ-д сонгогддог манай улсын бусад аймгуудын жишгээр Баян-Өлгий аймгаас гурван гишүүн хууль тогтоох байгууллагад сууж байна. Гүйцэтгэх засаглалд нэг дэд сайд бий. Миний бие энэ тал дээр гүйцэтгэх засаглалд шүүмжлэлттэй ханддаг. Үндэсний цөөнхийн талаар баримтлах бодлогын хүрээнд гүйцэтгах засаглалд үндэсний цөөнхийн төлөөллийг заавал оруулж байх нь зүйтэй юм. Энэ нь ялгаварлаад байгаа асуудал биш ч бодлогоороо шийдэж явах ёстой гэж боддог. Үндэсний цөөнхийн талаар аливаа улсад төгс төгөлдөр шийдвэрлэсэн зүйл гэж байхгүй болов уу. Дутуу бодсон, анзаараагүй асуудал байж болно. Та бүхэн явж танилцахаар мэдэгдэнэ. Монгол Улсын иргэн хэн боловч боломжийг эрх тэгш эдэлдэг. Манай систем маш нээлттэй. Хаана ч очоод ямар ч хүнтэй уулзаж ярилцах нь чөлөөтэй байдаг. Олон эх сурвалжаас мэдээлэл аваад, санал дүгнэлтээ зөвлөмж болгон бидэнд өгвөл дуртайяа хүлээн авч үзэх болно” гэв.
Дараа нь ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын албаны улстөрийн ахлах зөвлөх М.Фумагалли хэлсэн үгэндээ “Биднийг найрсаг дотноор хүлээн авч, тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгсөнд талархал илэрхийлье. ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын алба нь 1993 онд Нидерландын Гааг хотноо байгуулагдсан. Гишүүн улсад, эсвэл хөрш орнуудын хооронд үндэсний цөөнх оролцсон мөргөлдөөн, хурцадмал байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, дипломат арга замаар хязгаарлан зогсоох, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй. Үүргээ биелүүлэх үүднээс тухайн улс, бүс нутагт очиж нөхцөл байдалтай танилцдаг.
Монгол Улсад асуудал байна гэж ирээгүй. Газар дээрээ ямар байна гэдэг ерөнхий мэдлэг, ойлголт авах гол зорилгоор ирсэн. Бидний уулзалт, айлчлалыг дээд түвшинд зохион байгуулахад тусалж байгаад талархаж байна. Бид зөвхөн нийслэл Улаанбаатарт ирээд буцах биш, үндэсний цөөнх амьдардаг газар нутагт ч очиж үзэх, айлчлах хүсэлтэй байна. Та яриандаа үндэсний цөөнх хэл, соёлоо хадгалж үлдэхээс гадна олонхийн хэл, соёлыг сурсан байх ёстой талаар дурьдсан. Энэ үнэхээр чухал юм” гэлээ.
Үргэлжлүүлэн төлөөлөгчид УИХ-ын гишүүдээс үндэсний цөөнхтэй холбоотой сэдвээр асуулт асууж, хариулт авсан юм. “Өнгөрсөн удаагийн сонгуулийн системийг үндэсний цөөнхийн төлөөллийг хууль тогтоох байгууллагад багтаах боломжтой систем гэж та бүхэн харж, шийдсэн үү” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Х.Баделхан хариулахдаа “Парламентад үндэсний цөөнхийн төлөөлөл байнга сонгогддог. Сонгуулийн ямар тогтолцоотой байхаас үл хамаараад хүн амын тоогоор төлөөлөл нь сонгогддог учраас гурван гишүүн байнга суудаг” гэлээ. Тэрбээр мөн “Монгол Улсад суурьшсан казак иргэд энэ жил 150 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ 150 жилд хэл, соёлоо сайн хадгалж үлдсэн нь үндэсний цөөнхийн талаар зөв бодлого явуулсан Монгол төрийн ухаан юм” хэмээв.
Хоёр цаг орчим үргэлжилсэн уулзалтаар талууд үндэсний цөөнхийн талаар санал солилцож, асуулт, хариулт өрнүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.