Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын  Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.20) хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа даргалсан.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу одоогийн валютын ханшаар 116.3 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа бөгөөд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг нь 199 төгрөг болж байна. Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэхүү өөрийн өртөг болон  борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг  бүрэн нөхөж чадахгүй байгааг дурдлаа.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ-аар 2005 онд /2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2008 оны 1 дүгээр  сарын 1-ний өдөр хүртэл/, 2011 онд /2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл/ тус тус батлуулан хэрэгжүүлж ирсэн.

УИХ-аас 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлагдсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэх хугацаа нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусч байгаа тул “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оныг 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ий алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд улсын төсөвт мөн 8.6 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгагдсан болно. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн 2021 оныг 1 дүгээр сарын 0-ний өдрийг хүртэл төлөвлөгөөгөөр 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс аж ахуйн нэгжүүд, иргэд 1 кВт цахилгааныг  хэдэн төгрөгөөр авч байгаа болон жилд улсаас хэдэн төгрөгийн татаас авдаг болон нийт хэчнээн төгрөгийн НӨАТ, Гаалийн албан татвараас чөлөөлснийг тодруулав. Мөн Хөшөөт-Үенчийн 200 км-ын шугам татах ажил ямар шатандаа яваа талаар сонирхож байв.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариултдаа, Борлуулалтын үнийн зөрүүд улсын төсвөөс 2015, 2016, 2017 онуудад тус бүр 8.6 тэрбум төгрөг буюу нийт 25.8 тэрбум төгрөгийн татаас олгосон. Мөн 2015 онд 1.5, 2016 онд 1.7, 2017 онд 2.0 тэрбум төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн. Одоогоор аж ахуйн нэгжүүд 1 кВт цахилгааныг 130, иргэд 102.3 төгрөгөөр авч байна. Харин Хөшөөт-Үенчийн 200 км-ын шугам татах ажлын эдийн засгийн үр ашгаас эхлээд дахин нягтлах шаардлагатай байгаа гэж байлаа.

Ингээд Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Дараа нь “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсвийн байнгын хорооны тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан ахалсан билээ. Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.


Төсвийн байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналын дагуу Батлан хамгаалах яам болон Засгийн газрын авто баазын үйл ажиллагаа, төрөөс бага боловсрол олгож байгаа байдал, эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого зэрэг аудитын сэдвүүдийг хасаж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой аудитын гурван сэдвийг нэгтгэж нэг болгожээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүд болон Авлигатай тэмцэх газраас Төвсийн байнгын хороонд ирүүлсэн саналын дагуу Төрийн сан болон Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилт, Гүйцэтгэх ажиллагааны зардал, Монголын иргэний агаарын тээвэр ХК болон Монгол банкны үйл ажиллагаанд аудит хийлгэхээр аудитын сэдвийн төлөвлөгөөнд нэмж тусгасныг Ажлын хэсгийн гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэвт туссан зарим арга хэмжээний хугацааг өөрчлөх зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн  “Төсвийн байнгын хорооны тогтоолын хавсралтад туссан улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих- шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт хийгдэх гүйцэтгэлийн адуитын хугацааг 2018.01.01-ээс эхэлж, 2018.07.01-нд дуусгах” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ. Мөн Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.



Байнгын хорооны хуралдаан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томъёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөхөөр тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн санал хэлэв. Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс нэг хуулийн нэрийг өөрчилснөөр дагасан хуулиудад өөрчлөлт оруулдаг энэ асуудлыг цэгцлэх шаардлагатайг анхааруулж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн “3.9-д Монголбанкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж өөрчлөхдөө уг заалтыг илүү тодорхой болгох талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг  Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.    

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл