Цэс

Холбоо барих

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-О Хаяаши сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч, Японы Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-о Хаяаши өнөөдөр (2017.09.08) Төрийн ордонд айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Энэ жил Япон Улс, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Тэмдэглүүштэй энэ ойн жил Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Төлөөлөгчдийн танхимын даргын хувиар анх удаагаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Харин энэ удаа Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн зүгээс албан  ёсны айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалд парламентын гишүүдээс гадна хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулаад нийт 58 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотноо ирсэн.

Хөтөлбөрийн хүрээнд өчигдөр Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзалт хийсэн.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзалт хийлээ. Өнөөдөр  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Улсын Их Хурал дахь Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Сумъяабазар болон парламентын гишүүдтэй үр дүнтэй уулзалт зохион байгуулсан.

Түүнчлэн, өчигдөр япон хоол, бараа бүтээгдэхүүнийг таниулах амталгааны арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд дараа нь Япон, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын санал солилцох уулзалт ярилцлагад оролцсон.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд очиж, багш, оюутнуудтай мөн уулзалт хийлээ.

Ийнхүү харилцан хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр улсын харилцаагаа улам хөгжүүлэх тал дээр бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг найдаж, айлчлалаа хийж байна.

Айлчлалыг маш үр дүнтэй, чухал ач холбогдолтой болгохын төлөө, түүнчлэн  бусад олон чиглэлээр хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлэг Улсын Их Хурал дахь Монгол-Японы найрамдлын бүлэгтэй нягт хамтран ажиллаж, хүчин зүтгэх бодолтой байна”  хэмээв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү албан ёсны айлчлал маргааш өндөрлөх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл