Цэс

Холбоо барих

Хүнсний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт

ХҮНСНИЙ ТУХАЙ / ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА / ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ДАГАЛДАХ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААРХ БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар
сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот

Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Тус байнгын хороо Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдах бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг 2012 оны 11 дүгээр сарын 28, 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаануудаар хийлээ.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Aжлын хэсгээс бэлтгэсэн болон Улсын Их хурлын гишүүдийн зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, санал хураалгасан дүнг танилцуулж байна.
Зарчмын зөрүүтэй саналууд нь хүнсний хангамжийг тодорхойлох, хүнсний шим тэжээлийн зохистой байдлыг хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд тавих дотоодын болон хөндлөнгийн хяналт, баталгаажуулалт, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд юуг хамааруулах, түүнд эрсдэлийн үнэлгээ хийх, хэрхэн бүртгэх, мэдээлэх, хууль тогтоомж зөрчигчдэд хүлээлгэх хариуцлага, хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл ажиллаж дарга нь Ерөнхий сайд байх зэрэг асуудлыг хамарсан байна. Эдгээр саналыг Байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Төслийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн А.Бакей дотоодын түүхий эдээр шинэ технологи ашиглан үйлдвэрлэсэн импортыг орлох хүнсний бүтээгдэхүүнд төрөөс дэмжлэг үзүүлэх, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей нар малыг амьдаар нь экспортлохгүй байх, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү импортлох хүнсэнд тавих шаардлагад зохистой дадал эсхүл хяналтын удирдлагын тогтолцоог баталгаажуулсан үйлдвэрийнх байх заалтыг оруулах, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо, хэмжээг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж улмаар хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоох зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн болно.
Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томъёоллыг Та бүхэнд тараасан болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүнсний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, түүнтэй нийцүүлэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийн талаар тус Байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.



БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС,
ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА                                             Г.БАЯРСАЙХАН

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл