Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.22) хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа даргалсан.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусч байгаа. Үүнийг үргэлжлүүлэх нь тодорхой асуудал тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.
Үргэлжлүүлэн
Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн
төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж,
зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр
хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг
хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Хуулийн төслүүдийн анхны
хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их
Хурлын гишүүн Б.Баттөмөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар
тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.