Цэс

Холбоо барих

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.24) хуралдаан  9 цаг  53 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах ЭнэтхэгУлсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийг илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.


 Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан. Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь жилийн 1,75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай агаад үүнээс эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Харин төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх аж.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн “...төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгож нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцжээ. Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар зөвшилцсөн. Энэ үндсэн дээр Сангийн сайд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурж байгуулжээ. Иймээс Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр нар Сангийн сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, зээлийг Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөлд тооцож оруулж ирсэн, ойрын таван жилийн өрийн хязгаарт багтаж байгаа.

Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтсон. Иймээс өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээнд нэмэлт оруулж, хэрэв зээлийн үлдэгдэл хөрөнгө гарвал экспортод чиглэсэн салбарт эх үүсвэрийг зарцуулахаар ойлголцож тохиролцсон. Одоогоор газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн, эхний ээлжинд зөвлөх компаниа сонгон шалгаруулсны дараа нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулах юм гэдгийг хэллээ.


Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал газрын тосны үйлдвэрийн асуудлаар яаманд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Эхний шатны урьдчилсан ТЭЗҮ-ээр газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншандад барихаар төлөвлөсөн, энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийгдэж байршлын талаархи хэд хэдэн хувилбарыг гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэсэн хариулт өгөв.

Тус яамны ажлын хэсгийн танилцуулснаар одоогоор манай улсад газрын тосны бүтээгдэхүүний 332 сая тонн баталгаат нөөц байна гэсэн тооцоо судалгаа гарчээ. Харин улсын хэмжээнд жилдээ 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэтхэг Улсын зээлээр барихаар төлөвлөж буй газрын тосны үйлдвэр нь нэг жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос бүрэн хангах бололцоотйо гэж салбарын яам үзэж байгаа аж. Технологийн хувьд олон улсад түгээмэл хэрэглэж байгаа нүүрстөрөгчөөр задлах технологийг ашиглах агаад энэ нь газрын тосны бүх төрлийн бүтээгдэхүүнийг задалж шингэн бүтээгдэхүүн болгодог, тунгалаг бүтээгдэхүүний гарц өндөртэй технологи юм байна.

Гэвч салбарын чухал асуудал хэлэлцэж байхад сайд, дэд сайд нар нь Байнгын хорооны хуралдаанд ирээгүй, гишүүдийн асуултад ажлын хэсэг хангалттай хариулт өгч чадахгүй байна гэж үзээд салбарын сайдыг байлцуулж байж асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Дараа нь МонголУлсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.


Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2013-2017 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай 2017 онд хамтран ажиллах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулжээ. Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай аж.

Хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.

Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дугаар заалтын дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийг тохирох хүрээнд Монгол Улсын Засгийн газар нь олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон хоёр талт Австри Улс, ХБНГУ, БНСУ, БНХАУ гэх мэт хөгжлийн түншүүдтэй санхүүжилтийн хэмжээ, зээлийн ерөнхий нөхцөлийг тохиролцсон санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулж, тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгуулдаг. Энэ дагуу уг санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Уг зээлийн хүрээнд үндсэн гурван төрлийн төсөл хэрэгжүүлэх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, энэ чиглэлээр хяналт үнэлгээ, мониторинг хийх төсөлд 25 сая ам.доллар, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлд 12 сая ам.доллар, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төсөлд 42 сая ам.долларыг тус тус зарцуулах юм байна. Энэ талаархи төслүүдийн зориулалт, санхүүжилтийн задаргаатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү, Я.Санжмятав нарын асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар хариулт өгөв.  


Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Г.Занданшатар, Н.Оюундарь, Я.Санжямтав, Ж.Энхбаяр нар үг хэлж, эдийн засаг хүнд байгаа ийм үед зээлийг тодорхой зүйлд үр ашигтай зарцуулахад анхаарах ёстой, энэ үүднээс санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн зориулалтыг тодорхой болгож, санхүүжилтийн задаргааг дахин нарийвчилж авч үзэх, зээлийн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

“Нийгмийн хамгаалын тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн МонголУлс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.  


Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Засгийн газраас Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулан хэрэгжүүлж иржээ. Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж ажилласны үр дүнд Бүгд Найрамдах Унгар Улсаас 30 иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авч, Бүгд Найрамдах Солонгос Улсад монгол иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүй ажиллаж байгаа аж.

1990 оноос өмнө Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-ад сурч, ажиллаж, амьдарч байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн жилүүдэд тус улсад оршин суух иргэдийн тоо эрс нэмэгдсэн агаад 2015 оны статистик мэдээллээс үзэхэд тус улсад нийт 923 монгол иргэн амьдарч байгаагаас 612 нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна.

Монгол Улсын иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авдаг байна. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдаж төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцааж авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс одоогоор байхгүй байгаа аж. Иймээс тус улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүсэлт, хоёр талын өндөр дээд түвшний айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулахаар тохиролцож, төслийн эхний шатны хэлэлцээг 2015 оны 5 дугаар сард Варшав хотод, хоёрдугаар шатны хэлэлцээг 2016 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод хийж, хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтжээ.

Хэлэлцээрийн төсөл нь нийт 31 зүйлтэй бөгөөд төсөлд нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, хэлэлцээрт Монгол Улс болон БНПУ-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжийг олгох зэрэг үндсэн зарчмыг тусгажээ. Харин хэлэлцээрт эрүүл мэндийн даатгалын харилцааг тусгаагүй бөгөөд уг харилцааг хоёр улс тус тусын хууль топгоомжоор зохицуулахаар тогтсон байна.

Монгол Улсын иргэдийн БНПУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, Монгол Улс болон БНПУ-аас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна. Мөн БНПУ-д ажилладаг монгол иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж тус улсад байх хугацаандаа Польшийн иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хууль эрх зүйн үндэс бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Иймээс энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлаар зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Энэ талаархи Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл нарыг эгүүлэн татаж,  Монгол Улсаас  Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэн,  Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидийн Баттөр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганбат, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ёндонгийн Отгонбаяр, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг тус тус томилох саналыг Байнгын хороотой зөвшилцөхөөр хүргүүлжээ.


Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нэр дэвшигч Д.Ганбат, Л.Пүрэвсүрэн нараас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Н.Энхболд, Ж.Энхбаяр нар үг хэллээ. Үг хэлсэн гишүүд улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд багтдаг, гол хандивлагч орнуудад Элчин сайдаар томилогдвол хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаад худалдааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй, бүтээлчээр ажиллах, түүнчлэн тухайн улс оронд сурч ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тусалж дэмжихэд анхаарах, дипломат албаны ёс зүйг чанд сахиж ажиллахыг нэр дэвшигчдэд захилаа.

Элчин сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн, А.Баттөр нар одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр, Д.Ганбат Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирлаар, Г.Тэнгэр нь Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан, Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар, Н.Чимгүүндарь Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа юм. 

Ингээд Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76,9-84.6 хувийн дэмжлэг авлаа. Мөн Монгол Улсаас зарим улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84,6 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл