Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2017.05.26) Малын генетик нөөцийн тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар оролцов.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй бөгөөд тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд “Өнөөдрийн хэлэлцүүлэг Малчдын улсын зөвлөгөөнд 21 аймгаас хүрэлцэн ирсэн малчид, малзүйн мэргэжилтнүүд, фермерүүд та бүхнийг урьж оролцуулан, хуулийн төслийг хэлэлцүүлж, санаа оноог тань тусгах зорилготой болж байна” гэв.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав оролцогчдод хандан Малчдын улсын зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлээд, хэлсэн үгэндээ, “Малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил үйлчилгээг хөгжүүлснээр малын чанар, ашиг шим сайжирч, дээр дурдсан эрэлт хэрэгцээг хангах боломжтой болох юм. Энэхүү хуулийн төсөл нь нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд хүлээгдэж буй хууль” гэлээ. Тэрбээр хэлэлцүүлэгт идэвхтэй, санаачлагатай оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, үнэтэй зөвлөмж өгөхийг хүссэн.
Дараа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Сувдаа Малын генетик нөөцийн тухай хуулийн төслөөр танилцуулга хийв.
Үргэлжлүүлэн оролцогчид хуулийн төслийг боловсруулсан, хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгээс асуулт асууж, саналаа хэллээ.
Оролцогчид “Ашиг шим өндөр халзан үхрийн
гардан хээлтүүлэг гэж орон нутагт явагдсан ч үр дүнгүй болсон. Малзүйчид, малын мэргэжилтнүүдийн мэдлэг
чадвар тийм муу болсон юмуу... Орон нутгийн хэдэн иргэнийг гардан хээлтүүлэг
хийх сургалтад хамруулсан ч хийж чадаагүй. Халзан үхрийн генетик нөөцөд улсын
бодлого хэрэгтэй байна”, “Хуулийн төсөлд орон нутагт мал үржүүлгэд хэн хяналт
тавих вэ гэдэг асуудал бүрхэгдүү байна. Үүнд тодорхой хариулт өгнө үү”, “Монгол
малыг эрлийзжүүлэхдээ бодлоготой хандах хэрэгтэй. Малын мэргэжилтнүүд малын
үржлийг дагнан, тууштай явуулдаггүй, хооронд нь хольж хутгадаг. Нэг аймаг, суманд нэг л үүлдрийг дагнан үржүүлэх хэрэгтэй юм”,
“Мал аж ахуйн салбарын хүний нөөцийг бэлтгэх,
нарийн мэргэжлийн залуусыг сургахгүй бол залуучууд энэ салбарт орж ирэхээ
болилоо. Мал зүйчдийн нийгмийн асуудлыг орон нутагт шийдвэрлэхэд бодлого
хэрэгтэй“, “Мэргэжилтнүүд бид бие даасан хуультай болох гэж байгаад баяртай
байна”, “Дэлхий нийтээрээ гарал, үүсэл нь тодорхой хүнс хэрэглэхийг эрмэлзэх
болсон энэ цаг үед энэ хууль гарснаар манай улсад ч энэ талаар дэвшил гарах
болов уу гэж хүлээж байна” гэх зэргээр саналаа хэллээ. Мөн Малын генетик
нөөцийн тухай хууль гэхийн оронд монголоороо Малын удмын сангийн тухай хууль
гэж нэрлэвэл ямар вэ гэсэн саналыг гаргалаа.
Төгсгөлд нь УИХ-ын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн идэвхтэй оролцож, саналаа хэлсэн бүх хүмүүст талархал илэрхийлээд, хуулийн төслийг ирэх зургаадугаар сард багтаан батлуулахаар ажиллаж буйгаа хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.