УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр (2017.05.25) Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүсийн Макро эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан менежер Дэпак Мишраг хүлээн авч уулзав. Уулзалтад Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг, Б.Даваадалай нар байлцлаа.
Ноён Дэпак Мишра хүлээн авч уулзаж буйд талархалаа илэрхийлээд Монгол Улсад анх удаа ирж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа дуулгалаа.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Дэлхийн банк Монгол Улстай цаашид хамтран ажиллаж, харилцаагаа улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтаар Монгол Улсын нийгэмд тулгамдаж буй эдийн засгийн нөхцөл байдал, цаашид гарах үр дүнгийн талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлсэн. Мөн цаашид макро эдийн засгийн бодлого, нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.