Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 09 цаг 36 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан гэдгийг дурдлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тусгасан. Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 18 зорилт 99 арга хэмжээний хүрээнд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

 Уг тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 онд томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөж амжих эсэх, ядууралтай хэрхэн тэмцэх,нийгмийн даатгалд хамрагсдын хүрээг тэлэх, 2020 онд жилд нэг сая жуулчин хүлээж авах зорилтыг хангахад хэрхэн ажиллаж байгааг сонирхож байлаа. Мөн Таван толгой Гашуун сухайтын төмөр замын суурь бүтэц, хятадын талтай огтлолцох цэгээсээ 18-20 километрээр зөрсөн шалтгаан, Сайншанд- Хөөт чиглэлийн төмөр зам барих шороон овоолгын асуудал ямар шатандаа явааг болон дээрх асуудалд хариуцлага алдсан албан тушаалтнуудад өнөө хэр хариуцлага тооцоогүй байгаагийн шалтгааныг тодруулав. Түүнчлэн үндсэн чиглэлийн төсөлд туссан бусад төмөр замын суурь бүтэц барих ажлын зураг төслүүд бэлэн эсэхийг лавласан.   

Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариултдаа, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Таван толгой, Гацуурт, Багахангайн дулааны цахилгаан станцын төслүүдийг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Ядуурлыг бууруулахын тулд ажлын байрыг олноор болгох чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгал төлөх нэг сая 750 мянган хүн байгаа ч үүний 950 мянга нь нийгмийн даатгал төлдөг. Энэ тоог нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна гэж байлаа.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хариултдаа, Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг солонгоруулах, өргөжүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.  Өнгөрсөнд аялал жуулчлалын салбарын хөгжил хувийн хэвшлийн нуруун дээр явж ирсэн. Иймд энэ асуудалд төрийн бодлого гарган хандахаар болсон. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, авто зам гээд дэд бүтцийг хөгжүүлэх, шууд нислэг нэмэх, аймгуудад нисэх буудал барих, жуулчдыг татах цогцолбор, үзмэр барих шаардлагатай байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал суманд аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөсөн. Энэ хүртлэх 270 км хатуу хучилттай авто зам барих, Хөвсгөл аймгийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбох гээд бодлогоор хандах асуудлууд байна. Үүнд төсөв, хөрөнгө ихээхэн шаардлагатай байгааг онцлов.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, “Таван толгой Гашуун сухайтын төмөр зам Хятадын талтай хилийн ямар цэгээр огтлолцох асуудал шийдэгдээгүй байгаа. Монгол Улсын хувьд хилийн 700 дахь баганын цэгээр огтлолцох байр суурьтай байна. Ингэснээр 100 сая ам долларын хэмнэлт гарна гэсэн тооцоо бий.  Бусад Бичигт -Хөөт, Нарийн сухайт-Шивээ хүрэн, Зүүн баян-Ханги,  Эрдэнэт-Овоотын 3 дугаар үе шатны төмөр зам, Мандал-Багахангай чиглэлийн Богдхан төмөр замын суурь бүтэц барих төслийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа, зураг төсөл нь бэлэн. Харин өмнө нь төмөр зам барих асуудалд алдаа гаргасан албан тушаалтнууддаа хариуцлага  тооцох асуудлыг ярилцаж байгаа гэж хариулав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн  Ч.Улаан, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж “Гишүүдийн зүгээс Зам, тээврийн яамны өмнөх удирдлага  таван аймагт төмөр замын суурь бүтэц барихаар ТЭЗҮ-гүй, тендергүйгээр ажил эхлүүлсэн. Тэр ажил шороон овоолго болоод дууссан. Хөрөнгө, мөнгөний асуудал хэрхэн шийдэгдсэнийг  тодруулаад, хариуцлага тооцох асуудлыг сөхөж байхад, Зам, тээврийн хөгжлийн яамныхан энэ асуудлыг сайн судалж, танилцаагүй байна. Иймд энэ талаар сайн судлаад, Байнгын хороонд бичгээр хариулт өгөх хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулдан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив


Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “ОУВС-ийн хөтөлбөрт багтсан хэдий ч энэ нь Монгол Улсын эдийн засаг сайжирлаа, тогтвортой боллоо гэсэн баталгаа биш. Иймд Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2018 онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй ажиллах хэрэгтэй.  Түүнчлэн ОУВС-тай тохирсон зүйл дээрээ хатуу байр суурьтай байх шаардлагатай” хэмээн онцгойлон анхааруулж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл