Цэс

Холбоо барих

Өргөдлийн байнгын хорооноос Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.05.30) Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, тус дүүргийн 11 дүгээр хорооны өрхийн эмнэлгүүдэд ажиллав.

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ё.Баатарбилэг нар эхлээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очлоо. Байнгын хорооны ажлын алба, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарын албан тушаалтнууд байлцсан.


Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын хандлага, үйлчилгээний талаар иргэдээс өргөдөл, гомдол нэлээд ирүүлж байгаатай холбогдуулж, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилттэй танилцах зорилготой ажиллаж байгаагаа хэллээ.

Харин гишүүн Ё.Баатарбилэг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүд, Нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж байгааг хэллээ. Тэрбээр эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол тасрахгүй байгаа нь хөрөнгө оруулалт, салбарын бодлого, удирдлагуудын чадвараас болж байна уу гэдгийг тодруулж, асуусан.

Нэгдсэн эмнэлгийн захирал М.Чимгээ эмнэлгийнхээ үйл ажиллагааны талаар хийсэн танилцуулгадаа “Манай эмнэлгийн барилга 1970 онд ашиглалтад орсон. Дүүргийн нийт 137 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэдэг. 44 их эмчтэй, хүн амын тоонд харьцуулахад их эмчийн тоо бүрэн хангалттай. Сүүлийн жилүүдэд улсаас бэлтгэхээ больсон хүүхдийн эмчийг бид өөрсдөө сургаж, дадлагажуулж авдаг” хэмээв.

Мөн 2016 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдэд 123 хүүхэд эндсэн бөгөөд сүүлийн таван жилийн дүнгээр Сүхбаатар дүүргийн эмнэлэгт 6, Соннгинохайрхан 25, Баянгол 16, Баянзүрх 44, Хан-Уул 10, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт 32 хүүхэд эндсэн статистик гарсныг танилцуулгадаа дурдлаа.

Тус эмнэлэг хорт хавдраар өвчлөгсдийг хүлээн авдаг Хөнгөвчлөх тасаг нээснээрээ бусад дүүргийн эмнэлгээс онцлог юм байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Япон зэрэг орны туршлагаар дагнан шинжилгээ авдаг том эмнэлэг нээж, тэр эмнэлгийн шинжилгээний хариуг бусад эмнэлгүүд хүлээн зөвшөөрч, эмчилгээ явуулдаг тогтолцоонд шилжсэнээр иргэдэд хүндрэлгүй үйлчлэх боломж бүрдэх үү” хэмээн асуусан. Гишүүний асуултад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хариулахдаа “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв” баригдаж дууссанаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой” хэмээлээ.




Дараа нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, тус дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” өрхийн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл