Цэс

Холбоо барих

Тайландын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблей дахь Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2017.05.29) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Косол Петчсуван цаг зав гарган уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, өнгөрсөн дөрөвдүгээр сард Бангладеш Улсын Дака хотноо болсон ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганы үеэр уулзсан Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн дэд дарга, ноён Сурачай Лиенбонлертчайн мэндчилгээг уламжлав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулахыг хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдийг Монголд тавтай зочлохыг хүсээд, Тайландын Вант Улсын Эрхэмсэг гүнж Маха Чакра Сириндхорн 1992 онд Монгол Улсад айлчилснаас хойш хоёр орны хамтын ажиллагаа илүү эрчимтэй өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, түүний дотор Парламент хоорондын харилцаа тасралтгүй өрнөж байгааг онцоллоо.


Тэрбээр “Манай хоёр орон Ази тивд ардчиллын замаар амжилттай замнаж байгааг дэлхий нийт онцолдог. Тиймээс бид танай улстай тогтоосон харилцаагаа илүү гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаардаг. Монгол, Тайландын ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд худалдаа эдийн засгийн харилцаа чухал. Тиймээс хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх нөхцөлийг хөнгөвчлөх, энэ талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулахад хоёр орны парламент, Засгийн газар онцгой анхаарах ёстой гэж үзэж байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс Бангкокт Элчин сайдын яамаа нээгээд 17 жил болж байгаа. Тайландын Вант Улс манайд Элчин сайдын яамаа удахгүй нээгээсэй гэж хүсэж байна. Ингэвэл худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжих нь дамжиггүй гэж тэмдэглээд, аялал жуулчлалын салбарт ч өргөн боломж байгааг онцлов. Түүнчлэн төлөөлөгчдийн тэргүүн, ноён Косол Петчсуван өөрөө шинжлэх ухаан, боловсролын салбарын хүний хувьд хоёр орны энэ салбарын харилцааг идэвхжүүлэхэд нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Ноён Косол Петчсуван “Таны дэвшүүлсэн санал, санаачилгуудыг ажил хэрэг болгох талаар бид онцгой анхаарах болно. Монголын байгаль үзэсгэлэнтэй сайхан гэдгийг өнгөрсөн хоёр хоногт өөрийн биеэр үзэж мэдэрлээ. Аялал жуулчлал хамтран хөгжүүлэх боломж бий гэдэгтэй санал нэг байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр манай улсад сууж буй Монголын Элчин сайд ихээхэн идэвх зүтгэлтэй ажилладаг. Тайландын худалдааны танхимын гишүүд МҮХАҮ-ийн танхимын Монголд зохион байгуулах хуралд уригдсан. Энэ арга хэмжээ худалдаа, бизнесийн харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Тайландын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн шугамаар Монголын боловсролын салбарынхан Тайландад очиж сургалтад хамрагддаг байсан. Энэ мэт арга хэмжээг цаашид нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд анхаарал тавих болно” гэлээ.

Уулзалтад Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн гишүүн Кланаронг Чантик, Чайяпрук Дидьясарин, Канчанарат Лийвирожана, Сомчай Свангкарн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Тайландын бүлгийн дарга Х.Болорчулуун, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл