Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтлэв.
Эдгээр хуулийг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөх ажээ.
Мөн дугаарт, Х.Баттулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг нийтлэв.
Эмхэтгэлд, Зарим хүмүүсийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох, чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор зарим аймагт тогтоосон бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.
Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.
Тэрхүү дүгнэлтээр, Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн зарим заалт тухайлбал, “энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийтэй харилцах хэлтсээс мэдээлэв.