Цэс

Холбоо барих

Монгол,Тайландын парламентын бүлгийн гишүүд Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Тайландын парламентын бүлгийн дарга Х.Болорчулуун, тус бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь нар өнөөдөр (2017.05.29) Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамблейн гишүүн, Тайланд-Монголын парламентын бүлгийн дарга Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд ноён Косол Петчсуван Монгол-Тайландын парламентын бүлгийн гишүүдийн урилгаар Монголд айлчилж байгаадаа талархал илэрхийлээд дагалдан яваа төлөөлөгчдөө танилцууллаа.

Тэрбээр хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг үгийнхээ эхэнд онцолсон юм.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ноён Косол Петчсуван тэргүүтэй төлөөлөгчдийг Монголд тавтай морилохыг хүсээд, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тэрбээр “2016 онд Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Прают Чан-о-ча Монголд зохион байгуулагдсан АСЕМ-ын уулзалтад оролцсонд бид баяртай байдаг. Газар нутгийн хувьд хол ч гэлээ эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна. Энэ харилцааг цааш өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны парламентын харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Зүүн Өмнөд Азийн гол түншийн хувьд Монгол Улсыг АПЕК-т элсэхэд та бүхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Ноён Косол Петчсуван хариу хэлэхдээ “Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 43 жил болж байна. 1997 оноос хойш өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмол хийж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжсөн. Монгол Улсыг АПЕК-т элсэн ороход бид дэмжлэг үзүүлэх болно” гэж тэмдэглээд, энэ удаагийн айлчлалаар бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх гарц нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

УИХ дахь Монгол-Тайландын парламентын бүлгийн гишүүд хоёр орны аялал жуулчлал, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд ноён Косол Петчсуваныг анхаарал хандуулан ажиллахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл