Цэс

Холбоо барих

“Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.05) “Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар өргөн мэдүүллээ.

Алдар цолтой ахмад настанд сар бүр нэмэгдэл, тусламж олгох асуудал нь нийгмийн халамжийн гэхээс илүү алдар гавьяагаа төрөөс үнэлүүлсэн ахмад настанд төрөөс үзүүлж байгаа хүндэтгэл тул нийгмийн халамжаас зааглах үүднээс Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиар зохицуулж байсан алдар цолтой ахмадуудад чиглэсэн арга хэмжээг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан билээ.

 

Энэ хууль батлагдахаас өмнө Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд заасан алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдлийн хэмжээг Улсын Их хурлын 2008 оны 33 дугаар тогтоол, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан алдар цолтон ахмад настанд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолоор тус тус батлан хэрэгжүүлж байсан. 

 

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.3-т заасан нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.” гэж заасан.

 

Түүнчлэн уг хуульд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох шинэ зохицуулалтыг тусгасан.

 

Иймд хуулийг хэрэгжүүлэх үүднээс “Нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

 

Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан алдар цолтон ахмад настнуудад одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар тогтоолын дагуу олгож буй олгох нэмэгдлийн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй тул төсөвт нэмэлт зардал үүсэхгүй юм байна.


Харин Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд шинээр туссан Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдэд сар бүр олгох нэмэгдэлд шаардагдах 428.4 сая төгрөг шаардагдах бөгөөд энэхүү зардлыг 2018 оны улсын төсөвт тусган батлуулсан болно гэж хуулийн төсөлд дурджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл