Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хороо зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.23) хуралдаан 14 цаг 26 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.


Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн оролцож, зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн талаар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны сан нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2011 онд нийт 60-аад сая ам.долларын зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар 105.6 сая ам.долларын өртөг бүхий таван төслийн зээлийн хэлэлцээр байгуулж, төслүүдийг хэрэгжүүлж байгааг дурдав.

Шинээр авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү 0.2 хувь, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил. Хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг уг ерөнхий хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулсны дараа Засгийн газарт танилцуулан шийдвэрлэнэ гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцоллоо.

Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн хувьд өмнө нь авсан 105.6 сая ам.долларын зээлийг ямар төслүүдэд зарцуулсныг сонирхохын зэрэгцээ үлдсэн төслүүдийг хэрэгжүүлэхгүй удаад байгаагийн шалтгааныг илүүтэй тодруулж байлаа. Мөн өмнө нь авсан зээлээ дуусгаагүй байж, дахин зээл авах шаардлага бий эсэхийг лавлав.


Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариултдаа, 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар Үндэсний оношлогоо эмчилгээний төв, хот хоорондын нийтийн тээвэрт дэмжлэг үзүүлэх зэрэг таван төслийн 105.6 сая ам.долларын өртөг бүхий зээлийн хэлэлцээр байгуулсан. Харин үлдсэн 190 сая ам. долларын зээлийг эрх зүйн шинэчлэлийн багц, 10 аймгийн дулааны цахилгаан станц барих, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн төсөлд зарцуулахаар тусгасан байсан. БНСУ-ын тал төслүүд үндэслэл муутай байна үзсэн учраас ажил удааширсан тал бий гэж байлаа. Мөн тэрбээр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөөд байгаа. Зээлийн ерөнхий хэлэлцээр хийж байгаа болохоор яг ямар төслүүд хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийх асуудал тодорхой бус байгаа гэж хариулав.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ч.Улаан, З.Нарантуяа, Б.Баттөмөр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн  Ч.Улаан “Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжиж байна. Гэхдээ өмнөх төслүүдээ эргэн харж,  БНСУ-ын талаас үндэслэл муутай гээд байгаа төслүүдээ буцаан татаж, бэлэн байгаа төслүүдээ оруулах асуудлыг хөөцөлдөх шаардлагатай” гэж байсан бол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа “500 сая ам долларын зээл авахдаа өрийн менежментээ зөв хийх шаардлагатай” гэдгийг анхаарулав. Түүнчлэн Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “500 сая ам доллар гэдэг 1,2 их наяд төгрөг. 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд шинэ хөрөнгө оруулалт, обьект барих асуудал тусгагдаагүй. Иймд энэхүү зээлийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд зарцуулах шаардлагатай” гэсэн саналыг хэлж байлаа.


Ингээд Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувь нь дэмжсэн. Байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл