Цэс

Холбоо барих

“Прогрессив аллианс”-ын олон улсын бага хуралд оролцогчдыг хүлээн авч уулзлаа

Улаанбаатар хотноо болж буй “Прогрессив аллианс” байгууллагын олон улсын бага хурлын зарим төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

"Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд" сэдвээр болж буй энэ удаагийн Бага хуралд дэлхийн 30 гаруй орны 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.

УИХ-ын дарга М.Энхболд ХБНГУ-ын Социал демократ намын дэд дарга Торстен Шэфер-Гумбэл, Европын социалистуудын намын ерөнхийлөгч Сергей Станишев, Нидерландын Хөдөлмөрийн намын дэд дарга Марша Бил, Азийн социал демократ хөдөлгөөний зохицуулагч, Филиппиний Иргэний хөдөлгөөний намын ерөнхийлөгч Макрис Кабрерос, Коста Рикагийн Иргэдийн хөдөлгөөний намын ерөнхийлөгч Маргарита Боланос Аркин нартай уулзлаа.


Тэрбээр Ази тивд анх удаа, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Прогрессив аллианс”-ын олон улсын бага хурал болж, амжилттай өндөрлөж буйг уулзалтуудын эхэнд тэмдэглэлээ. Түүнчлэн дэлхий дахинд энх тайван, шударга ёс, тэгш эрхийг цогцлоохын төлөө, нэг нь бус нийтээрээ хөгжин цэцэглэсэн нийгмийн төлөө, тогтвортой, хүртээмжтэй нийгмийн хөгжлийн үндсэн нөхцөлийг бүрдүүлэхийг зорилгоо болгосон “Прогрессив аллианс”-ын үйл ажиллагааг бид анхнаас нь дэмжсэн бөгөөд цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно гэв.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Торстен Шэфер-Гумбэлтэй уулзах үеэрээ хоёр орны хоорондын хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, Монголын ардчилсан шинэтгэлийг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн хоёр намын амжилттай хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ.

Ноён Торстен Шэфер-Гумбэл Герман, Монголын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээнд өрнөж буй бөгөөд бид Монгол орны хөгжил цэцэглэлт, Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө байна гэв.                                                                                      


Европын социалистуудын намын ерөнхийлөгч Сергей Станишев Бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулж буйд монгол нөхдөдөө талархал илэрхийлье гэв. Тэрбээр “Миний бие хурал эхлэхээс өмнө ирж Монгол орон, Монголын хөдөө нутаг, монголчуудтай танилцлаа. Монголд уул уурхай, аялал жуулчлалын салбар асар их ирээдүйтэй гэдгийг би мэднэ. Түүнээс дутахгүй ирээдүйтэй салбар нь хөдөө аж ахуй юм байна. Мөн мэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж болно. Монголын нар, салхины энэ их нөөцийг ашиглах ёстой. Монгол Улсыг Европын холбоотой хамтын ажиллагаагаа идэвхжүүлээсэй гэж бид хүсдэг. Боломж их бий. Түүнийг бага ашиглаж байна гэж хардаг. Адил чиг баримжаатай намууд засгийн эрхийг нь барьж буй улс орнуудтай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхэд бид ч анхаарах ёстой. Энэ зорилгод улс төрийн нам, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа нэг чухал хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн “Хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой асуудлыг шийдэж болно. Тухайлбал Монголд түүхий нүүрсний хэрэглээнээс болоод агаарын бохирдол сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байгаа. Саяхан бид Израильд хог хаягдлаа эрчим хүч болгон хувиргаж байгаа технологитой танилцсан. Түүнийг Монголд хэрэгжүүлэхэд болохгүй гэх газаргүй” гэж нэмж хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд улс орныхоо эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудал, төр засгийн ойрын үеийн зорилт, хүндрэл бэрхшээлээс гарахын тулд авч буй арга хэмжээний талаар зочдод танилцуулав.

Улс төрийн нам, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг улс орноо хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэд, байгууллага хоорондын харилцааг идэвхжүүлэх, улмаар найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглүүлэх нь “Прогрессив аллианс”-ын үзэл баримтлал, бидний эрмэлзэлтэй нийцнэ. Цаашид ийм үр дүнтэй үйл ажиллагаа өрнүүлэхэлд ямагт бэлэн байх болно гэлээ.

 “Прогрессив аллианс” нь Европын социалист намуудыг эгнээндээ нэгтгэсэн Евро парламент дахь социал-демократ фракц бөгөөд 1953 онд анх үүсэн байгуулагджээ. Гишүүдийнхээ тоогоор өдгөө Евро парламентад хоёрдугаарт орж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл