УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2018.01.05/ болж Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дахин хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дүгээр зүйлд заасны дагуу өнөөдөр тус тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Байнгын хороодод буцаасан юм.
Тус тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэн төсөлд тусгалаа.
Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгохоор тогтоолын төсөлд тусгасан.
Тухайлбал, нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах асуудлыг тухайлан хариуцах төрийн захиргааны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, шаардлагатай тохиолдолд тухайн асуудлыг хариуцсан байгууллага байгуулах эсэх асуудлыг судалж, шийдвэрлэх, агаар орчныг бохирдуулж байгаа асуудалд хариуцлагын тогтолцоог цогц тодорхой тусгасан шинэ хуулийн төсөл, холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хууль, тогтоолын төслийг 2017 оны намрын чуулганы хугацаанд боловсруулж, өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлж, аян өрнүүлэх, дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, инноваци, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, төрийн зарим байгууллагууд болон төрийн өмчит их, дээд сургуулийг шилжүүлэх, тэдгээрийг холбосон хурдны зам, метро байгуулах урьдчилсан тооцоо судалгаа хийж, нийслэл хотын зарим чиг үүргийг аймгийн зэрэглэлтэй болон дагуул хот руу шилжүүлэх зэрэг асуудлыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан судалж, холбогдох шийдвэрийг гаргах асуудлыг төсөлд тусгасан.
Мөн төсвийн байгууллагын халаалтын нам даралтын зууханд улсын төсвийн хөрөнгөөр, хувийн аж ахуйн нэгж, байгууллагад урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тус тус технологийн шинэчлэл хийх ажлыг 2018 оноос эхлүүлэх, тэдгээрийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системд холбох, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлэх замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж Улаанбаатар хотод байгаа түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухнуудыг 2019 оноос хаах, чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн оновчтой бодлогоор дэмжих, зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт тогтоолоор үүрэг болгож буй юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбох, аймгийн төвүүд болон Улаанбаатар хотод баригдаж бэлэн болсон, зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцны тооцоолол судалгааг нарийвчлан гаргаж, тэдгээрт гэр хорооллын иргэдийг оруулах талаар арилжааны банкууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран судалж, 2018 оны эхний хагас жилд багтаан холбогдох шийдвэрийг гаргах талаар мөн тусгасан.
Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж, хэрэгжүүлэх заалт тогтоолын төсөлд туссан.
Гишүүд ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.