УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр (2017.05.16) “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, Б.Энх-Амгалан болон яам, агентлаг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болоод мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.
Тэрбээр “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ чиг хандлага бий болсноос үүдэн уг хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байна” гэлээ.
Мөн хуулийн үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор ажил олгогч, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонссоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Та бүхэнд танилцуулж байна хэмээн сайд Н.Номтойбаяр онцолсон юм.
Дараа нь УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан үг хэллээ. Тэрбээр, “Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засагт бид шилжсэн. Нийгмийн захиалгаар Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий боллоо. Улс орноо тогтвортой хөгжүүлье гэвэл тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох хэрэгтэй. Үүний тулд хөдөлмөр эрхлэлтийн зөв механизмыг бий болгох ёстой юм” гэв.
Үргэлжлүүлэн “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга” сэдвээр ХНХЯ-ны ХХБХЗГ-ын дарга Б.Алимаа, “Хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, олон улсын туршлага” сэдвээр ОУХБ-ын Монгол, Хятад улсыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр нар илтгэл тавилаа.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо уг хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж байлаа. Мөн хэлэлцүүлэгт оролцогч ажил олгогчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал бодлоо хэлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.