Цэс

Холбоо барих

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.23) хуралдаан 10 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус Байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заажээ.

Иймээс уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн “65-аас” гэснийг “21-ээс” гэж өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын талаар ард нийтийн санал асуулга зохион байгуулах асуудлыг Ерөнхийлөгчийн энэ удаагийн ээлжит сонгуультай хамтатган явуулах цаг хугацааны боломж харагдахгүй байна гээд иймээс хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай эсэхийг тодруулсан юм.

Байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаар өгсөн хариултдаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олон жил яригдсан ч янз бүрийн шалтгаанаас болоод шийдвэрлэгдэхгүй явж ирсэн. Энэ удаагийн Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталж, энэ үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар тодорхой сэдвүүдийн хүрээнд олон нийтийн төлөөллийг оролцуулан зөвлөлдөх санал асуулга зохион байгуулан түүний үр дүнд үндэслэн гаргасан зөвлөмжийн дагуу хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацааны боломж хомс байгаа нь үнэн. Гэхдээ энэ хуулийг батлаад явахад буруу зүйл байхгүй. Иймээс хуулийн төслийг энэ байдлаар нь батлаад дараа дараагийн шатанд шийдвэрлэх асуудалдаа анхаараад явах нь зүйтэй байна гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү, Ж.Батзандан нар үг хэлж хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны гишүүдээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ. Улмаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.  

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсов

Дараа нь Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонсож, энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулга хийсэн юм.

Тэрээр танилцуулгадаа, Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрх болон Улсын Их Хурлаас баталсан Зөвлөлийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд тухайн жилийн зорилт, Төсвийн хуулиар баталсан хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ. 2016 онд Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулиуд болж, Засгийн газар шинээр байгуулагдаж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн онцлог жил байв. Нөгөө талаас төрийн албаны харилцаа, түүний эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход тодорхой алхам хийсэн жил болов. Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажилладаг бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байдаг. Тайлант онд зөвлөл 42 удаа хуралдаж, 348 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 269 асуудлаар тогтоол гаргалаа.


Төрийн албаны шинэтгэлийн зорилтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар иргэд, төрийн албан хаагчдаар хэлэлцүүлж, санал авах ажлыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулж ажиллалаа. Хэлэлцүүлгийн үр дүнд мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн албыг төлөвшүүлэх талаар улс төрийн намууд, иргэд олон нийт нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрсэн нь чухал ач холбогдолтой болов.

Шинээр байгуулагдсан Засгийн газарт хандаж төрийн албаны хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар Төрийн албаны зөвлөл зөвлөмж, санал хүргүүлж хамтран ажиллав. Ингэснээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг төрийн захиргааны тэргүүн түшмэлийн удирдах албан тушаалтнуудыг заавал нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулан, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргуулан тухайн албан тушаалд томилох шийдвэрийг Засгийн газар болон нутгийн захиргааны удирдлага гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтын тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд "Төрийн албаны цахим шалгалт"-ын системийг бүрэн нэвтрүүлснээр шалгалт ил тод, хүнээс хамааралгүй, шударга, нээлттэй явагдаж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нөөцийн санд автоматаар бүртгэгдэх, нөөцөд буй иргэдийн мэргэжил, боловсрол, туршлага зэрэг үзүүлэлтүүдээр шуурхай хайлт хийх боломж бүрдсэн гэдгийг дурдлаа.

Төрийн албаны зөвлөлийн даргын танилцуулгаас үзэхэд одоогоор манай улсад нийтдээ 188974 төрийн албан хаагч байгаагаас 3032 нь төрийн улс төрийн, 18960 нь төрийн захиргааны, 36949 нь буюу 19.55 хувь нь төрийн тусгай, 130033 нь буюу 68.82 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагчид байгаа аж. Төрийн албаны зөвлөл нь 2016 онд төрийн захиргааны байгууллагын дэргэдэх салбар зөвлөл 26, нутгийн захиргааны байгууллага дахь 22, нийт 48 салбар зөвлөлтэй ажиллаж иржээ.

Тус зөвлөл 2016 онд төрийн жинхэнэ албаны 544 ажлын байрны сул орон тоог нөхөх захиалга хүлээн авч, төрийн албанд орох иргэний мэргэшлийн шалгалтыг төв, орон нутагт 37 удаа зохион байгуулахад 5236 иргэн бүртгүүлж оролцжээ. Мөн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж, 544 сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтаар, 446 сул орон тоог төрийн албанд анх орох иргэдийн нөөцөөс нөхөн бүрдүүлсэн агаад одоогоор нөөцөд 3115 иргэн байгаа аж.

Төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйн хороодоос ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд нийт 193 ёс зүйн зөрчил бүртгэгдсэнээс төрийн захиргааны удирдах албан тушаалтантай холбоотой 19, гүйцэтгэх албан хаагчтай холбоотой 174 ёс зүйн зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй юм байна. Харин ёс зүйн зөрчлийг анх удаа гаргасан 166 албан хаагч байгаа бол 27 албан хаагч нь давтан гаргажээ.

Мөн тус зөвлөл тайлант онд нийт 630 өргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оноос 1.6 хувиар өсчээ. Нийт гомдлын 52.6 хувийг ажлаас үндэслэлгүй халагдсан болон бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн өргөдөл, гомдол дангаараа эзэлж байгаа аж. Учир шалтгааныг судалж үзвэл энэ төрлийн өргөдөл, гомдол нэмэгдсэн нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон яам, агентлагийн бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотой байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга хэллээ. Түүнчлэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн захиргааны байгууллагын бүтэц, тогтолцоо хэрхэн өөрчлөгдөж ирсэн байдлыг Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрт үндэслэн авч үзэхэд төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт нь тогтвортой биш, сонгуулиас сонгуулийн хооронд 4 жил тутамд өөрчлөгдөж байсан бөгөөд ялангуяа 2012 оноос яам, агентлагийн бүтэц зохион байгуулалтад бараг жил тутам өөрчлөлт хийгдэж ирсэн дүр зураг харагдаж байна гэдгийг тэрээр хэлж байв.


Төрийн албаны тухай хууль анх 1995 онд батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойших 20 гаруй жилийн хугацаанд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж шинэчлэгдэж ирсэн ч төрийн албаны өнөөгийн харилцааг зохицуулах шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Иймд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж шинэчлэх нь нийгмийн захиалга төдийгүй бүр тулгамдсан хэрэгцээ шаардлага болоод байгааг өнгөрсөн онуудын үйл явц маш тодорхой харууллаа. Ингэхдээ энэ асуудалд ул суурьтай, нухацтай хандаж, Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулах замаар улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, нэр хүндтэй төрийн албаны тогтолцоог бүрэлдүүлэх, түүнийг хамгаалах чадамж бүхий Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага бий болгох зарчмын шинэ үзэл баримтлалд суурилсан хууль эрх зүйн шинэчлэл хийх нь тулгамдсан зорилт болж байна гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга онцолж байв.

Энэ үндсэн дээр Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, нэгд, төрийн албаны эрх зүйн Үндсэн хуулийн хамгаалалтыг сайжруулах,  хоёрт, төрийн албаны томилгоог мерит зарчимд тулгуурласан, шатлан дэвшүүлэх карьерийн системээр сонгон шалгаруулж томилдог арга, механизмыг хуульчлах, гуравт, бүтцийн өөрчлөлт нэрийдлээр төрийн албан хаагчдыг халж, чөлөөлдөг байдлыг зогсоож  байгууллагын болон түүний бүтцийн нэгжийн болон тодорхой ажлын байрны үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад төрийн албан хаагчдыг өөрчлөх, ажлаас халахыг хуулиар хориглох, дөрөвт, төрийн албыг улс төрөөс хараат бус байх нөхцөлийг зөв зохистой бүрдүүлэх зарчмын үндсэн дээр эрх зүйн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгааг санал болголоо.

Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, энэ талаархи танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Н.Энхболд нар тус зөвлөлийн дарга Б.Цогоо болон зөвлөлийн гишүүдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонссонтой холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гарч буй зөрчил дутагдлыг засаж арилгах, ажил эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооноос тогтоол гаргаж, Төрийн албаны зөвлөлд тодорхой үүрэг чиглэл өгөхөөр тогтлоо.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийн дэмжив

Дараа нь “Бусад” асуудлын хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулахаар тусгажээ.

Мөн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг үндэслэн эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд 2017 оны 08 дугаа сарын 25-ны дотор өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэгт даалгахаар тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувь нь дэмжив.

Анх 1991 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж явуулах үед Улсын Бага Хурлаас ийм тогтоол гаргаж байжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл