Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (2018.01.06) Төрийн ордонд эхэллээ.

Тэмцээнийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв.

Тэрбээр нийт оролцогчдод хандан тэмцээнд амжилттай оролцохыг хүсээд “Жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд үүн дотроос Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зургаан жилийн өмнөөс Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлал тогтсон. Юуны өмнө зургаан жилийн хугацаанд энэ тэмцээнд оролцсон, зохион байгуулсан хүмүүст баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Жилээс жилд тэмцээн цар хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6200 гаруй шатарчин оролцсон бол энэ жилийн тэмцээнд 6700 гаруй хүн оролцсон дүн мэдээ ирсэн. Оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь энэ тэмцээний чанар чансаа сайжирч байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Түүнчлэн гадаад улсад ажиллаж, амьдарч буй монголчууд эх орондоо ирж энэхүү тэмцээнд оролцож байгааг онцлон хэлье.

Шатар бол хүний оюун ухааныг тэлж, логик сэтгэлгээг хөгжүүлж, тэсвэр тэвчээрийг бий болгодог спорт. Энэ ч үүднээсээ миний хувьд төрсөн нутаг Төв аймагтаа шатрын 27 клубыг байгуулсан. Цаашдаа Төв аймгаас олон шатарчид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

Манай шатарчид тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. 2014 онд болсон Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай шатарчид алт, мөнгө, хүрэл медаль авч байсан бол 2017 онд болсон дээрх тэмцээнээс Э.Хулан алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсон амжилтыг үзүүлсэн. Ийнхүү шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст талархал илэрхийлж, шатарчдад амжилт хүсье” гэв.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд эхний нүүдлийг Их мастер Ц.Батчулуунтай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүллээ.



Хагас шигшээгээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй 140 гаруй тамирчин шигшээ тэмцээнд өрсөлдөж байна. 


Тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгоно.


Энэ жилийн тэмцээний өөр нэг онцлог нь шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Тэмцээнд оролцох зардлыг зохион байгуулагч тал хариуцах аж.


Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын зэрэг, цолгүй, сонирхогч тамирчид өрсөлддөг. Шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, дүнгээ гаргана хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл