УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Израйлын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж тус бүлгийн гишүүн Д.Мурат, З.Нарантуяа нар өнөөдөр (2017.05.19) Израйль Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Хэйфец тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
эрхэм Элчин сайд Ц.Хэйфецийг өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын
Ерөнхийлөгчид өргөн барисан явдалд баяр хүргэж, хоёр орны уламжлалт харилцаа,
хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж ирсэн. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгчдийн тоонд Израйль Улс зүй ёсоор багтдаг гээд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт Израйлын өндөр технологийг нэвтрүүлэх, Израйлын бизнес эрхлэгчдийг Монголд хөрөнгө оруулалт хийх чиглэлд хамтрах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг нь идэвхжүүлэхэд тодорхой ажлууд хийгдэх боломжтойг дурдлаа. Мөн энэ оны 9 дүгээр сард Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэргүүтэй төлөөлөгчид Израйль Улсад албан ёсны айлчлал хийх товтой байгааг тэмдэглээд энэ айлчлалын үеэр Израйлын хөдөө аж ахуй, өндөр технологийг судлах хүсэлтэй байгаагаа уламжлав.
Элчин сайд Ц.Хэйфец “Итгэмжлэх жуух бичгээ өргөн барисандаа баяртай байна. Манай улсын ололт амжилт, мэдлэг туршлагаас хуваалцахад бид татгалзахгүй. Ялангуяа хөдөө аж ахуй, эм, аж үйлдвэрийн салбарт Израйлын өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой. Мөн манай шилдэг туршлагыг судлах асуудалд бид анхаарлаа хандуулан ажиллах болно” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.