Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.05.17/ хуралдаан 09 цаг 56 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн зөвлөх С.Нямжав, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаараа танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаархи Ажлын хэсгээс гаргасан 30 саналын томъёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 13.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор хүсэлт гаргасан бол энэ зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийг оролцуулахгүй” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Мөн төслийн 34 дүгээр бүлэгт 34.18 буюу “Шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах” хэсгийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Уг хэсэгт “хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажилллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, прокурорт хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар тусгагджээ.

Харин Ажлын хэсгээс гаргасан 24-29 хүртлэх саналын томъёоллууд нь анхны хэлэлцүүлгээр хэлэлцэгдээгүй учир санал хураах шаардлагагүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь үзлээ. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэсэн агуулгатай зүйл нэмэх Ажлын хэсгийн санал  хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-ын саналыг авч чадсангүй.

Ингээд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Мөн уг хуулийг дагасан холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн, батлах саналыг ч хуралдаанд оролцсон гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Иймд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 Үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг оруулахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, батлах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Мөн Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-д танилцуулан, батлуулах саналыг ч хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэв

Үүний дараа Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи танилцуулгыг хийсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр  санал хураалт явуулав.

Хуралдааны төгсгөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ” гэж тусгагджээ. Мөн “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил шалгах ажиллагааны шатанд байгаа бол Зөрчил шалган шийвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно”. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар   баривчлах шийтгэлгүй болсон зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан шийтгэлийн үлдсэн хоногийг эдлүүлэхээс чөлөөлнө” гэж тусгагджээ. Мөн “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн тоолно” гэсэн заалт тусгагдсан байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Иймд Улсын Их Хурлын Х.Нямбаатар уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл