Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг үндсэн чиглэлд туссан салбарын зорилтын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх зорилтын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү долоон зорилт, 16 арга хэмжээг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын нийт 50.85 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэж дурдав. Мөн үүнээс хөв цөөрөм байгуулах, булаг шандны эхийг хамгаалах зэрэг арга хэмжээг орон нутгийн төсвийн 0.6 тэрбум төгрөгөөр, ойжуулах, ойн нөөцийг нөхөн сэргээх ажилд улсын төсвийн 5.8 тэрбум, аюултай хог хаягдлыг устгах байгууламжийн ТЭЗҮ боловсруулах, гидрогеологийн дунд масштабын зураглал хийх зэрэг ажлыг гадаад эх үүсвэрийн 0.425 тэрбум төгрөгөөр, аялал жуулчлалын гол маршрутын дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах ажилд 19 тэрбум төгрөгийг хувийн хэвшил, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тусгалаа гэж салбарын сайд танилцуулагадаа онцлов.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, О.Батнасан нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн хувьд булаг шандны статистик тоо судалгаа байгаа эсэх, өнгөрсөнд хэчнээн булаг шандны эхийг хамгаалалтад авсан талаар тодруулж байв. Мөн ойжуулах асуудалд оролцож байгаа хувийн хэвшлийг салбарын яамнаас дэмжин ажиллаж байгаа эсэх үр дүн хэр байгааг лавлаж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс, 2018 оны үндсэн чиглэлд 5000 га газрыг ойжуулахаар тусгасан. Ойжуулах ажилд тухайн орон нутгийн үндэсний компаниудыг оролцуулдаг бөгөөд гурван жилийн хугацаанд тухайн компани ойжуулалтынхаа арчилгаа, хамгаалалтыг хариуцдаг. Харин жил бүрийн хавар, намрын улиралд улсын комисс тарьсан суулгацад хяналт тавьж ажилладаг” гэж хариулав.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, “Төсөв мөнгөтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт болон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт хөв цөөрөм байгуулах ажлын зураг төсөл бэлэн болсон. Монгол Улсын хувьд дөрвөн жил тутам булаг, шандаа тоолдог. Өнгөрсөн жил 11.420 булаг шанд тоологдсоноос 744 нь хатаж ширгэсэн байгаа. Өнгөрсөн жил гэхэд 121 булаг шандны эхийг хашиж хамгаалсан. Мөн байгаль орчин, газрын нөхөн сэргээлтэд онцгой анхаарч ажиллахаар болсон. Одоогийн байдлаар 4526 га газарт нөхөн сэргээлт хийгдээгүй хаягдсан бөгөөд үүний 60 хувийг уул уурхайн лиценз эзэмшигч аж ахуйн нэгж, 40 хувийг хувиараа бичил уурхай эрхлэгчид эзэлж байгаа” хэмээн нэмэлт тайлбарыг өгсөн юм.
Үргэлжлүүлэн үндсэн чиглэлд тусгасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилтыг салбарын дэд сайд Ж.Сауле танилцууллаа. Үндсэн чиглэлийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хүн амын хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрүүдийг чанарын баталгаатай түүхий эдээр хангах, “Атрын III аян” -ыг үргэлжлүүлэх, “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 10 зорилт арга хэмжээг 194.4 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Танилцуулгатай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг, О.Батнасан, А.Сүхбат, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс үндсэн чиглэлд хөдөө аж ахуйн салбараас 190 гаруй тэрбум төгрөгийн арван зорилтод арга хэмжээ тусгасныг бага байгааг анхааруулж, эрчимжсэн малын тухай хуулийн төсөл боловсруулж байгаа эсэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 20-хон тэрбум төгрөг төсөвлөснийг илүүтэй тодруулж байв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хариултдаа, “Үндсэн чиглэлд томоохон зорилтоо л тодорхойлж тусгасан. 10 зорилт мэт харагдавч, үүний цаана олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Үүний дараа бид эрчимжсэн малын тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулахаар төлөвлөөд байна. Хуулиас гадна эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд сайн шилмэл үүлдрийн үхэр, хонь авахаар ярилцсан. Мөдхөн тендер зарлагдах болно.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд улсын төсвөөс нэг ч төгрөг тусгаагүй. Энэхүү 20 тэрбум төгрөг бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олгосон зээлийн эргэн төлөлтөөс бүрдсэн хөрөнгө. Үүнийгээ л буцааж эргэлтэд оруулж байна” гэдгийг онцолсон.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Батзориг нараас гаргасан зарчмын зөрүүтэй 15 саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг “Үндсэн чиглэлд Монгол ноолуур хөтөлбөрийг тусгах”, “Жижиг, дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг зээлийн бодлогоор дэмжиж, 20 тэрбум төгрөгийг 100 тэрбум болгож нэмэх” саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.
Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хооронд зөвшилцөх асуудал байгаа тул уг асуудал хэлэлцэхийг гурван цагийн хугацаатай түр хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн болон холбогдох албаны хүмүүс оролцсон.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 74 саналын томъёолол бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг бүхэлд нь дэмжлээ.
Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Малыг хувийн үл давтах дугаараар ялган тэмдэглэж бүртгэнэ”, төслийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгэх, түгээн дэлгэрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэхээс бусад уламжлалт мэдлэгтэй холбоотой харилцааг бие даасан хуулиар зохицуулна” гэсэн хэсгийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжив. Мөн төслийн 10.8 дахь хэсэгт “Малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, үүлдэр, омог бий болгосон нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан бол мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхлэгчийг урамшуулж болно”, төслийн 11 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Бүс нутгийн онцлог, малын төрөл тоо, хэмжээг харгалзан, энэ зүйлийн 11.2-т заасан нэгжийн үйлчилгээнд хамрагдах малын жишиг тоог малын генетик нөөцийн асуудал хариуцсан төрийн зариргааны төв байгууллага тогтоож, нэгжийн үйл ажиллагаанд бодлого, зохицуулалтын дэмжлэг үзүүлнэ” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн төсөлд төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн мэргэжилтэн бэлтгэх, ажлын байраар хангах, мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, малын үүлдэр хамгаалах, ашиглах, хөгжүүлэхэд төрөлжсөн нийгэмлэг байгуулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мах, сүү үйлдвэрлэлийн төрөлжсөн бүсэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас дэмжинэ гэсэн саналууд ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авлаа. Уг төслийг дагаж өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн гаргасан Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн нэрийг Малын удмын сангийн тухай хууль гэж хуучнаар нь нэрлэх санал олонхийн дэмжлэгийг авч чадсангүй.