Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо хуралдав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 17 цаг 50 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаанаар эхлээд 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг Ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулав. Ажлын хэсгээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд аудит хийлгэх хүсэлтийг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна. Түүнчлэн тус төсөл нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын үндсэн  баримт, бичгүүдтэй хэр уялдсан талаар дэд ажлын хэсгээр дүгнэлт гаргуулсан байна. Мөн Ажлын хэсгийн хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг хэлэлцэн, санал хураалт явуулж шийдвэрлсэн гэлээ.


Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг танилцуулав. Тус төсөлд тусгагдсан зорилт, бодлогын арга хэмжээнүүд нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх, хүрэх түвшинг зохистой тодорхойлсон эсэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой төлөвлөсөн эсэхийг тодорхойлох хүрээнд аудит хийхээр төлөвлөж, хэрэгжүүлсэн байна. Дүгнэлтэд:

Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан зорилт, бодлогын арга хэмжээнүүд нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн байна. 

Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан зорилт, бодлогын арга хэмжээнүүдийн хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлох шаардлагатай.

Гуравдугаарт, Үндсэн чиглэлийн тесөлд тусгагдсан зорилт, бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрэн тодорхойлоогүй байна гэжээ. Дээрх дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар аудитын дүнд үндэслэн хэд хэдэн асуудалд Эдийн засгийн байнгын хороо анхаарах шаардлагатайг дуулгав. Тухайлбал:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалт “нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ”-нд үндэслэн салбар бүрийн дунд хугацааны төсвийн хөрөнгийн зардлын төсөөллийг боловсруулж байх, түүнд нийцүүлэн тухайн жилийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг УИХ хэлэлцэж, баталдаг байх;

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт болон салбаруудын бодлого талаас Үндэсний хөгжлийн газар, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын талаас нь Сангийн яам тухайн жилийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулж, Үндэсний хөгжлийн газар нэгтгэн Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлж байх;

Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтад тусгагдсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулах төсөл, арга хэмжээнд тавигдаж байгаа “нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжих, 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын” гэсэн заалтыг хүчингүй болгон, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөлтийн үр дүнг сайжруулах;

Монгол Улсын Засгийн газар, ОУВС-ийн хооронд байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас олгогдох зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгасны үндсэн дээр Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.85-т заасны дагуу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталж, түүнд нийцүүлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, арга хэмжээний төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан шаардлагын дагуу нягтлан үзэх гэжээ. 


Дараа нь бусад байнгын хороогоор дээрх төслийг хэлэлцсэн талаарх тус тусын санал дүгнэлтээ танилцууллаа. 

    Хууль зүйн байнгын хороо: УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг хөрөнгө, санхүүгээр дэмжин ажиллах, мөрдөн шалгах ажиллагааны зардлыг шийдвэрлэх замаар шүүхийн шинжилгээний чанарыг сайжруулах, хууль сахиулах байгууллагын алба хаагчид иргэд, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлж байгаад анхаарах, УИХ-ын гишүүн О.Батнасан бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх болон Дотоодын цэргийн тухай хуулийг хэрэгжүүлэх хөрөнгө, санхүүжилт туссан эсэх, Монгол Улсын баруун хил дээр хилийн застав нэмж байгуулах талаар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үндсэн чиглэлийг улсын төсөвтэй уялдуулах, түүний хэрэгжих, биөлэлтийн ач холбогдлыг тооцож, хариуцлагатай байх тал дээр анхаарах зэрэг саналыг тус тус гаргасан байна.

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо: УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах нарийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх, тэдний цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, сургалтын тусгай тоног төхөөрөмж, автобустай болгох, эцэг эхийн асаргааны зардал болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх эрх зүйн орчинг бий болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар 45000 ажлын байрыг шинээр бий болгох, Ахмад настны тухай болон Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай авч хэрэгжүүлэх, их дээд сургууль, МСҮТ төгсөгчдөд ур чадвартаа түшиглэн ажлын байр, орлоготой болох гарааны бизнесийн дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмж лизингээр олгох хөтөлбөр хэрэгжүүлэх, Боловсролын зээлийнсангийн хүртээмжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Г.Мөнхцэцэг нар 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудын дутуу санхүүжилтийг шийдвэрлэн, ашиглалтад оруулах, төрийн болон орон нутгийн өмчит театр, соёлын төв, музей, номын сангийн барилгын нөхцөл байдлыг үнэлж, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайжруулах, УИХ-ын гишүүн М.Билэгт цэцэрлэгийн асрагч багш нарыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бэлтгэх, УИХ-ын гишүүн Н.Учрал инновацийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зэрэг зорилт, хүрэх үр дүн, арга хэмжээг төсөлд нэмэх талаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг гаргасныг Байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэжээ.


    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: Тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Занданшатар макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг бий болгох гэсэн тогтоолын төслийн хавсралтын зорилт 1.1-ийн хүрээнд БХЯ, ОБЕГ болон Цагдаа хүчний байгууллагууд дотоодын бараа, бүтээгдэхүүн ноосон даавууг худалдан авч дотоодын хэрэгцээгээ хангах, эх оронч үзэлтэй байх, мөн тогтоолын төслийн 17.2-ын шалгуур үзүүлэлтэд яриа хэлэлцээр хийх орны тоо гэсэн бөгөөд яриа хэлэлцээ гэдэг нь гэрээ хэлэлцээр хийхийн өмнөх үйл явц учраас яриа хэлэлцээ эсвэл гэрээ хэлэлцээр гэж  өөрчлөх, УИХ-ын гишүүн Н.Энхболд жижиг, дунд үйлдвэр, ноос ээрдэг, боловсруулдаг үйлдвэрүүдийг дэмжих, дотооддоо үйлдвэрлэсэн ноос, ноолууран хувцас хэрэглэлийг хэрэглэх, ашиглах гэсэн саналыг тус тус гаргасан байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Энхболд “гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах” гэж, УИХ-ын гишүүн Л.Болд “цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоо, материаллаг баазыг бэхжүүлэх” гэж, “материаллаг нөөцийн тодорхой хувийг шинэчлэх, хадгалах нөхцөлийг бүрдүүлэх, "Цувраажилт" төслийг хэрэгжүүлэх, нөөцийг оновчтой шилжүүлэн байршуулах” гэж нэмж тусгах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Төрийн байгуулалтын байнгын хороо: Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар үндсэн чиглэлийн Зорилт.16.1 дэх хэсгийг “төрийн өмчийн үр ашгийг сайжруулах, хувьчлах үндсэн чиглэл, бодлогыг шинэчлэх” гэж өөрчлөн найруулах, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Зорилт.5-д “Багануурын дулааны цахилгаан станцыг барих ажлыг үргэлжлүүлэх" гэж нэмэх, УИХ-ын гишүүн Б.Батзориг Зорилт.З-т “Монгол ноолуур хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэр хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Н.Энхболд Зорилт.1- д “Хөгжлийн урт хугацааны төлөвлөлт, түүний тогтвортой хэрэгжилтийг хангах тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулж 2018 оны нэгдүгээр улиралд багтаан УИХ-д танилцуулах” гэж нэмэх гэсэн зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.

    Төсвийн байнгын хороо: Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Засгийн газар 2018 онд малчдын тэтгэврийн нас, шимтгэл төлөх хугацаатай холбоотой хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийн холбогдох заалтууд тусгагдаагүй байгаа болон үндсэн чиглэлийн боловсруулалт, төлөвлөлт хангалтгүй байгаад анхаарах, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Засгийн газар 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтэд дүгнэлт хийж, үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх саналыг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэх, мөн Өмнөговь аймгийн Даланзадгад-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажлыг зорилт, арга хэмжээндээ тусгахад анхаарах, УИХ-ын гишүүн Ч.Улаан Үндэсний хөгжлийн газрын үүрэг, чиглэлийг тодорхой болгож хөгжлийн бодлого боловсруулахад оролцуулах, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төмөр зам, авто замын салбарт өмнөх онуудад үүссэн буруу бодлогыг үргэлжлүүлэхгүй байх, үүнд Төсвийн байнгын хороо хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг тус тус гаргажээ.


    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо: Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төслийн 8.2-т “хот, суурин газрын ногоон байгууламжийн нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээ” гэж, 8 дугаар зорилтод “Цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах хүрээнд “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Ногоон хэрэм”, Ногоон хөгжлийн бодлого зэрэг баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах” гэсэн заалтыг шинээр нэмж тусгах гэж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ойн усан сан бүхий газрын хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, Туул, Сэлбэ, Улиастай голын урсацыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх гэж нэмэх, УИХ-ын гишүүн А.Сүхбат Туул голд усан хөв цөөрөм барих, алтны бичил уурхайг дэмжихгүй байх гэж, УИХ-ын гишүүн Б.Батзориг “Монгол ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар 2018 оны үндсэн чиглэлд тусгах, жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт 100 тэрбум төгрөг тусгах гэж, УИХ-ын гишүүн О.Батнасан хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, бүтээгдэхүүний чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилтыг нэмэх, нийслэл, орон нутгийн мал аж ахуйн салбарын нэгжийг чадавхижуулахад 12 тэрбум төгрөг нэмэх гэж, УИХ-ын гишүүн М.Билэгт жилд 30 сая хүртэлх малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай түүхий эд, түүгээр хийж буй бэлэн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх замаар мал аж ахуйн салбарын бодит өсөлтийг 10-12 хувьд хүргэх гэж төсөл тусгах зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


Ийнхүү “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх байнгын хороод санал дүгнэлт танилцуулсаны дараа төсөл санаачлагч болон Ажлын хэсгийн гишүүдээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд нар асуулт асууж, хариулт авсан юм. Үргэлжлүүлэн Ажлын хэсэг, Байнгын хороод болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан танилцууллаа.


Хяналт шалгалтын үр дүнд Ажлын хэсэг Монголбанкны алдагдал жилд 2-3 дахин нэмэгдсэнээр 2012-2016 онд 3.1 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн хэмээн дүгнэсэн. Холбогдох хууль тогтоомжийн дагуу дээрх алдагдлыг улсын төсвөөс нөхөх нөхцөл үүсээд байгаа аж. Монгол Улсын нэгдсэн төсвийн ачааллаас үүдэн Төв банкны дээрх хэмжээний алдагдлыг улсын төсвөөс хаах боломжгүй учир тус банкны хуримтлагдсан алдагдлыг хэрхэн барагдуулах талаар болон уг алдагдлыг үүсгэн төрд хохирол учруулсан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцуулахад тогтоолын төсөл чиглэгджээ.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төв банкны хувь заяатай холбоотой энэ асуудлаар УИХ яаран тогтоол шийдвэр гаргах нь зохимжгүй. Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй УИХ-ын гишүүд нарийвчлан танилцах, Ажлын хэсгийн тайлбар болон Монголбанкны байр суурийг сонсох шаардлагатай” хэмээн тайлбарлаад уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл