Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.06.12) хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар манай байнгын хороо гурав дахь удаагаа хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Ажлын байр нийгэмд хамгийн том тулгамдсан асуудал болсон. Тиймээс өмнө нь хоёр удаа хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгээс арваад зөвлөмж гаргаснаас таван асуудал УИХ-аар баталсан Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Тухайлбал, ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжих, иргэдийг гадаад улсад тодорхой хугацаагаар ажиллуулах чиглэлээр төрөөс тодорхой арга хэмжээ авах, төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоо, мэргэжлийн хяналт болон татвар, даатгалын байгууллагын давхардсан хяналт шалгалтыг цөөрүүлэх, хүнд суртлыг арилгах, ажилгүй иргэдийг цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүрт олгох орчныг бүрдүүлэх зэрэг асуудал Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд тусгагдаад хэрэгжиж эхэлж байна. Энэ бүхэн өмнөх хэлэлцүүлгүүдийн үр дүн юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцож, “Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нар, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 50 гаруй хүн энд ирсэн байна. Та бүхэн сайдаас асуулт асууж, мэдээлэл авах бүрэн боломжтой” гэлээ.
Дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хөдөлмөр эрхлэлттэй холбоотой яамнаас хийж буй ажлын талаар мэдээлэл хийв. Мэдээлэлдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд цалингийн шинэчлэл хийх, хөдөлмөрийн харилцааг эрх зүйн орчинд маш тодорхой зохицуулах гэсэн хоёр асуудлыг уялдаа холбоотойгоор шийдэхээр ажиллаж байна. Ажилгүйдэл их байгаа нь хөдөлмөрийн хөлсийг зөв үнэлээгүйгээс болдог. Тиймээс энэ хоёр асуудлыг онцлон анхаарч байна” хэмээн онцлов.
Мөн эрх зүйн орчны шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал гэсэн чиглэлүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэн найруулж байгааг дурдлаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийсний дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “2017 онд 40 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж төлөвлөсөн. Одоогоор хэчнээн хүн ажилтай, орлоготой болсон бэ” гэсэн асуултад Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа “2017 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 16400 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангасан. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд иргэнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээл олгох ажил эхэлж байна” хэмээн хариулт өглөө.
Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Ажилгүйдлийг бууруулах чиглэлээр салбарын яам анхаарч ажиллаж байгаагийн үр дүн гарч байна. Жишээ дурдахад “MCS”, “Моннис”, “МАК” зэрэг томоохон компаниуд 2000-аад ажлын байр шинээр бий болгожээ. Он дуустал 20 мянган ажлын байр шинээр бий болгох зорилгоо хэрэгжүүлэх боломжтой” гэв.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат ажлын байр нэмэгдүүлэх ажлыг ганцхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тохолгүй, бүх яамд дэргэдээ салбар зөвлөл ажиллуулж, ажлын байр шинээр бий болгоход анхаарч ажиллах, гадаад улсуудад гурван жилээс дээш хугацаагаар ажиллах залуусыг гэр бүлтэй нь явуулах зэрэг асуудлыг зөвлөмжид тусгах санал хэллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Л.Энхбаярын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай, орлоготой болгох чиглэлээр хийж буй ажлын талаархи асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Дэлхийн банкнаас 25 сая ам.долларын зээл авах асуудал шийдэгдсэн. Энэ зээлийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгоход зарцуулна” гэж хариуллаа.
Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж хариулт авахын зэрэгцээ саналаа хэлсэн юм. Оролцогчид нийт 19 санал хэлсэн.
Оролцогчдын саналыг тусган зөвлөмж гаргаж, зөвлөмжийг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлнэ гэдгийг төгсгөлд нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.