Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (2018.01.07) өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд эмэгтэй 33 шатарч оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авлаа. Тусгай шагналыг ахмад шатарчин 63 настай М.Жаргалсайхан хүртсэн юм.
Эрэгтэй 91 шатарчин оролцсоноос Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-аас оролцож буй Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн боллоо.
Эрэгтэйчүүдээс дөрөвдүгээр байранд Орхон аймгаас оролцож буй Ч.Самбуудорж, тавдугаар байранд Хан-Уул дүүргийн иргэн Д.Мэндбаяр нар тус тус шалгарч,
тусгай шагналын эзнээр ахмад шатарчин 66 настай Б.Дүүрэнбаяр тодорлоо.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “Эх орны өнцөг булан бүрээс ирсэн нийт шатарчдадаа баяр хүргэе. Эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчинд “Дэд мастер” цол олгохоор болсныг баяртайгаар мэдэгдэж байна. Аварга болсон тамирчид сонирхогчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Түрүүлэх болтугай” гээд, хамтран ажилласан Монголын шатрын холбоо, орон нутгийн шатрын холбоод болон нийт шүүгчдэд талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.