Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.06.09/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011-2017 оны хооронд хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгаас сонгож авсан 89 сум хамрагдаж, нийтдээ 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлсэн байна.
Төслийн эхний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр төслийг цаашид үргэлжлүүлж бусад аймаг, сумдыг хамруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Төслийн нэмэлт санхүүжилт нь жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,7 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Энэхүү төсөл нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулах үндсэн зорилготой гэлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр нар асуулт асууж хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өмнө нь хэрэгжсэн төслийн зээлийн хүү арай бага байсан, энэ удаагийнх 1.25 хувийн хүү болон нэмэгдсэн байна. Ингэж нэмэгдсэний шалтгаан нь юу вэ хэмээн лавласан.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, өмнөх зээлийг авч байхад амьжиргааны түвшин доогуур байсан учир зээлийн хүү 0.75 хувь байсан. Энэ удаад амьжиргааны түвшин дээшилсэн гэсэн судалгаа гарсан учир зээлийн хүүг 1.25 хувь болгох шийдвэрийг Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан гаргасан гэдгээ бидэнд мэдэгдсэн гэсэн хариултыг өгсөн. Ингээд хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-аар соёрхон баталсан.
Өмнө нь Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцөлтэй байсныг өөрчлөх талаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгож нэмэгдүүлэхээр талууд тохиролцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 81 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөд тавдугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан.
Хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, Н.Энхболд, Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн Польш Улсын Засгийн газраас 50 (тавин) сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “нөхцөлт тусламж” /tied aid/ буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү экспортын зээл нь 50 сая еврогийн хэмжээтэй, жилийн 0,15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил юм байна. Дээрх зээлийн нөхцөл нь 2014 онд тохиролцсон нөхцөлөөс сайжирсан бөгөөд зээлийн хугацаа 25 жил байсныг 28 жил, төслийн гэрээний үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлнэ гэснийг 100 хувь зээлээр санхүүжүүлэхээр тохиролцож хэлэлцээрийн төсөлд тусгажээ.
Хуулийн төслийг хэлэлцэн батлахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Тэрбишдагва, Х.Баделхан, Д.Эрдэнэбат, Н.Цэрэнбат, Х.Болорчулуун, Д.Дамба-Очир, Д.Даваасүрэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин хуулийг баталлаа.
Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
Дараа нь Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийх үеэр төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин хуулиудыг батлав.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар хийлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.
Тэрбээр, Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад заасны дагуу хоёр саналын томьёоллыг бэлтгэн санал хураалт явууллаа гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй.
Ингээд Байнгын хороогоор дэмжигдсэн, төслийн 1 дүгээр заалтын 14 дэх дэд заалтын “туслах багшийн орон тоог нэмэгдүүлэх” гэснийг “багшийг ажиллуулах” гэж өөрчлөх, төслийн 2 дугаар заалтын “2017 оны намрын” гэснийг “2018 оны хаврын” гэж өөрчлөх гэсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг баталсан юм.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцууллаа.
Тус байнгын хороо хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараахь чиглэлээр төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээнд мал эмнэлэг, хорио цээр, хязгаарлалтын хяналт, шалгалттай холбогдон үүсэх харилцааг оруулах, хуулийн нэр томьёонд “мал”, “тэжээвэр амьтан” гэсэн тодорхойлолтыг ялгаж, тодорхойлох, мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээг илүү тодорхой болгох, малын эмийн зохистой хэрэглээг мөрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах замаар малын гаралтай бүтээгдэхүүнд тавигдах хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангах саналуудыг гишүүдийн олонхи дэмжсэн аж. Мөн мэргэжлийн хяналтын төв байгууллага болон мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх хяналтын чиг үүргийн зааг ялгааг илүү тодорхой болгох, мал эмнэлгийн тогтолцооны анхан шатны байгууллагад шинэ мэргэжилтэн, залуу боловсон хүчин очиж ажиллах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах саналууд ч олонхийн дэмжлэг авсан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт үг хэлсэн бөгөөд тэрбээр, хуулийн төсөлд мал, тэжээвэр амьтан гэсэн тодорхойлолтыг ялгаж тодорхойлохоор тусгасаныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд Байнгын хорооноос танилцуулсан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.