Цэс

Холбоо барих

“Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах хууль эрх зүйн орчин, бодлого, судалгаа” сэдэвт хэлэлцүүлэг болов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран Монгол Улсад анх удаа Төв Евразийн "Шим тэжээлийн чуулган”-ыг 2017 оны зургаадугаар сарын 7-9-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр (2017.06.09) “Өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах хууль эрх зүйн орчин, бодлого, судалгаа” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Б.Батзориг, А.Ундраа болон Тажикистан улсын Үндэсний Ассамблейн гишүүд, Казакстан, Канад, Хятад, Япон, ОХУ, Герман, Швейцарь, Их Британи зэрэг улсын шим тэжээл, сүрьеэ өвчнийг судалдаг эрдэмтэн, судлаачид оролцлоо.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Тэрбээр, “Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд гол нөлөө үзүүлдэг асуудлуудын нэг нь хүнсний аюулгүй байдлын бодлого юм. Тэр дундаа хүнсийг баяжуулснаар тухайн улс орны хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах чухал ач холбогдолтой байдаг. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага тулгарч байна. Хүнс баяжуулах асуудлыг дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж байгаа төслийн жишгээр ДЭМБ, НҮБ-ын аргачлалын дагуу хийж, дэлхийн тайлан мэдээнд тусгах, бүс нутгийн улс орнуудтай нягт ажиллаж, туршлага солилцох зэрэгт энэхүү чуулган гүүр нь болох ач холбогдолтой” гэв.


УИХ-ын гишүүн Б.Батзориг “Баяжуулсан хүнсний тухай хууль, түүний явц” сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр “Хүнсний асуудал бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын түвшинд яригддаг учир төрийн бодлогод тусгах нь чухал юм. Монгол Улс ард иргэдээ улаанбуудай, төмс, хүнсний ногоогоор хангаж байгаа. Дараагийн шатанд бид алдагдалтай байгаа шим тэжээлийн бодисыг хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулж олгох явдал юм. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл батлагдсанаар шимт, тэжээллэг хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн орны баялаг түүхий эдийн нөөцийг ашиглан баяжуулагч бэлдмэлийн экспортыг хөгжүүлэх, мөн хүн амыг амин дэм, эрдэс бодисын дутагдлаас сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад ач холбогдолтой” гэсэн юм. 

Үргэлжлүүлэн оролцогчид байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцсоноор хэлэлцүүлэг өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл