Манай улсад айлчилж буй Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, тус газрын Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нар өнөөдөр (2017.06.09) УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзаж, Данийн Фолкетинг /парламент/-ийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.
Ноён Томас Сндергард танилцуулгадаа “Данийн Вант Улс нь парламентын ардчилсан Үндсэн хуульт хаант засаглалтай бөгөөд Хатан хаан төрийн үйл хэрэгт оролцдоггүй ч Үндсэн хуульд зааснаар батлагдсан хууль, тогтоомжтой танилцаж гарын үсэг зурах үүргийг хүлээдэг.
Фолкетинг /парламент/ нь нэг танхимтай, 179 гишүүнтэй, 25 байнгын хороотой, байнгын хороо тус бүр 29 гишүүнтэй. Фолкетинг /парламент/-ын сонгууль 4 жил тутам явагддаг. Хэрвээ онцгой нөхцөл байдал үүсвэл Ерөнхий сайд хугацаанаас өмнө сонгуулийн товыг зарлах эрхтэй. 18 нас хүрсэн хүн парламентын сонгуульд нэр дэвших эрхтэй, иргэд шууд болон нууц байдлаар саналаа өгч болно. Ер нь сонгуулийн ирц маш өндөр хувьтай байдаг. Энэ нь иргэд үүргээ ухамсарлаж, улс орны үйл хэрэгт шууд оролцож чадаж байгаагийн нэг хэлбэр гэж хэлж болно. Нийт гишүүдийн 37,4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Данийн Вант Улс түүхэндээ анх удаагаа парламентын эмэгтэй даргатай болсон. Мөн өмнөх Ерөнхий сайдаар анх удаагаа эмэгтэй хүн сонгогдон ажиллаж байсан. Энэ нь Данийн Вант Улс хэр ардчилсан, нээлттэй орон болохыг харуулж буй хэрэг гэж хувьдаа бодож байна” гэлээ.
Дараа нь УИХ-ын Тамгын газрын ажилтнууд ноён Томас Сндергардаас асуулт асууж, хариулт авсан.
Мөн энэ өдөр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн Данийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.