УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр (2017.06.08) хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Г.Чулуунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах саналаа танилцууллаа.
Г.Чулуунбаатар нь 1957 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн бөгөөд 1975 онд тус сургуулийн I сургуулийг төгсчээ. 1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр төгсөн, 1993 онд Москвагийн Олон Улсын удирдлагын академийг аспирантурт суралцаж философийн докторын зэргийг хамгаалсан байна. Г.Чулуунбаатар нь МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх судалгааны төвд эрдэмтэн, нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газарт УИХ-ын даргын ахлах зөвлөх, албаны дарга, СУИС-ийн Соёл урлагийн менежментийн тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирлаар тус тус ажиллан өдгөө ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд улсад 36 жил, үүнээс боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 29 жил ажилласан байна. Иймд Г.Чулуунбаатарын боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллан хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудыг биелүүлэх, танхимын зарчмаар ажиллах чадвартай гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй, харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Г.Чулуунбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн тус яаманд боловсрол, соёлоос гадна спортын салбар харъяалагдаж буйг анхаарч, биеийн тамир, спортын асуудалд ач холбогдол өгч ажиллах, тэр дундаа УИХ удахгүй Биеийн тамир, спортын тухай хуулийн төслийг хэлэлцэх тул үүн дээр залуучууд, иргэдээ дэмжин ажиллаарай хэмээн хүсэв. Мөн боловсролын салбарт сургуулийн хүртээмж, боловсролын чанарын асуудал анхаарал хандуулан ажиллах шаардлага байгааг онцгой анхаарч, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой нягт хамтран ажиллана хэмээн найдаж байна гэлээ.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Г.Чулуунбаатарыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг асуудлыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.