УИХ-ын Төсвийн байнгын хороо
өнөөдөр (2017.06.08) хуралдаж, 2017 оны тавдугаар сарын 30-ны өдөр
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа хуулийн хэрэгжих хугацааг 07 дугаар сарын 01-ний өдөр гэж өөрчилсөн тохиолдолд эдийн засгийн ямар үр дагавар үүсэх талаар тодруулав. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан. Хууль батлагдах үед худалдан авсан байсан, Монгол Улс руу ачуулж амжаагүй байсан автомашинуудыг хэлэлцэж буй хуулийн үйлчилэлд хамруулах зорилготой. Монгол Улсын иргэд хамгийн хол нь АНУ, ихэндээ Япон Улсаас хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашин худалдан авдаг бөгөөд худалдан авч, тээвэрлэн ирэхэд дунджаар 45 хоног болдог. Тиймээс хэлэлцэж буй хуулийн төслийн хэрэгжих хугацаанд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах үед худалдан авсан байсан хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашинууд бүрэн хамрагдах боломжтой хэмээн тооцсон байна. Тавдугаар сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр орж ирээд, эзэмшигчид нь татвар мөнгийг нь төлөөд авсан 375 автомашин, харин гаалийн талбай дээр ирсэн, бүрдүүлэлт нь хийгдээгүй 2600 автомашин байгаа талаар Ажлын хэсэг мэдээлэл өгөв. Хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт, хийгээр ажилладаг автомашинд сард дунджаар 5 тэрбум төгрөгийн онцгой албан татварын хөнгөлөлт үзүүлдэг гэсэн тооцооллыг холбогдох газрууд гаргажээ.
Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй хэмээн үзэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.