Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.06.30) Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын бага хуралд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Ханнс–Зайделийн сангийн тэргүүн захирал Петер Виттерауфыг хүлээн авч уулзан, “Парламент болон Үндсэн хуулийн шүүх хоорондын зөрчилдөөнтэй байдал” сэдвээр ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Ханнс–Зайделийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны институтын захирал Сузанне Лютер, мөн тус сангийн Зүүн хойд Азийн хэлтсийн дарга Вилли Ланге, ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Зибюлле Кессал-Вульф, Ханнс–Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа нар байлцав.
Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Олон жилийн турш манай улстай ойр дотно хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн та бүхнийг Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын бага хуралд хүрэлцэн ирж оролцож байгаад юуны өмнө талархал илэрхийлье. 1995 оноос хойш Ханнс–Зайделийн сан манай улсад ардчилсан тогтолцоог зөв чиг хандлагаар хөгжүүлэхэд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Эрх зүйт төрийг хөгжүүлэхэд та бүхний зааж сургасан зүйлс, зохион байгуулсан ажил өнөөдрийн түвшинд биднийг хүрэхэд ихээхэн тусламж, дэмжлэг болсон. Дээд удидлагын түвшиндээ манай улсад ирж, бидэнтэй уулзаж байгаад баяртай байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Тэрбээр мөн “Цаашид ч бидний хамтын ажиллагаа үргэлжилж, өнөөдөр Монгол Улсын нийгмийн тогтолцоонд тулгамдаж буй асуудлаар хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Ханнс–Зайделийн сангийн тэргүүн захирал Петер Виттерауф “Биднийг хүлээн авч уулзаж, ярилцах боломж олгосон Н.Энхболд таньд болон гишүүдэд талархаж байна. Ардчилсан тогтолцоо үргэлж эрсдэлтэй байдаг. Тийм ч учраас Герман улс ардчилсан тогтолцоогоо авч үлдэхийн тулд байнга сайжруулж байх ёстой гэж үздэг. Цаашид Монгол Улсад эрх зүйт төрийн суурь зарчмуудыг бэхжүүлэхэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа. Та бүхний тавьж байгаа санал бидэнд үргэлж нээлттэй байна” хэмээв.
Уулзалтын үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд болон УИХ-ын гишүүд Ханнс–Зайделийн сангийн тэргүүн захирал Петер Виттерауфын манай улсын парламент болон Үндсэн хуулийн цэцийн харилцаа, зөрчилдөөнтэй байдал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан асуудлын талаар сонирхсон асуултад нь хариулж, харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.